logo
Үүрэг гүйцэтгэх явцдаа халдвар авсан албан хаагчид тэтгэмж олгох тухай хуулийн төслийг нэгтгэн оруулна

Үүрэг гүйцэтгэх явцдаа халдвар авсан албан хаагчид тэтгэмж олгох тухай хуулийн төслийг нэгтгэн оруулна

2021/01/27

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа танилцуулснаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Б.Сарангэрэл, С.Одонтуяа нар асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ саналаа хэлэв. УИХ-ын гишүүн С.Одонтуяа хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд үүрэг гүйцэтгэх явцдаа халдвар авсан албан хаагчдад тэтгэмж олгох нь зөв гэдэг санал, байр сууриа илэрхийллээ.

Хэлэлцүүлгийн явцад төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн, С.Бямбацогт, Б.Баттөмөр нарын 4 гишүүн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцэх горимын санал гаргав. Ингээд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 2020.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн, С.Бямбацогт, Б.Баттөмөр нарын гишүүдээс 2020.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэгтгэн оруулахаар шийдвэрлэснээр хуралдаан өндөрлөв

Сэтгэгдэлүүд

Дээш