logo
МСНЭ: Хүний эрх чөлөө, чөлөөт хэвлэлийн төлөө тэмцлийн дараагийн шатны арга хэмжээг авна

МСНЭ: Хүний эрх чөлөө, чөлөөт хэвлэлийн төлөө тэмцлийн дараагийн шатны арга хэмжээг авна

2021/02/23

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Эрсдэлийн мэдээлэл харилцааны Түр хороо байгуулж, тус хорооны үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбоотойгоор мэдэгдэл гаргажээ.

Ийнхүү түр хороо байгуулж байгаа нь төрийн мэдээллийг иргэдээс нуух, цензурдэх, эх сурвалжийг хуулийн хариуцлагаар айлган сүрдүүлэх арга зам бөгөөд цаашид энэ нь жишиг болон давтагдан үргэлжлэх аюулыг авчирч буйг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдэлд дурдсан байна.

Иймд түр хороо байгуулах асуудлыг зогсоохгүй бол МСНЭ тэмцлийн дараагийн шатны арга хэмжээг авна гэсэн байна. МСНЭ-ээс гаргасан мэдэгдлийг хүргэж байна.

МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Эрсдэлийн мэдээлэл харилцааны Түр хороо байгуулж, тус хорооны үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.

Цар тахлын нөхцөл байдал, цар тахлын үеийн нийгэм, эдийн засагтай холбоотой болон үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг энэхүү Түр хорооноос өгөгдсөн чиглэлийн дагуу зөвхөн нэг сувгаар мэдээлж байх бөгөөд уг бүтцэд төрийн яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, хууль сахиулах чиг үүрэг бүхий агентлагийн дарга нар багтжээ.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн 3.2-т “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй” гэж заасныг илтэд зөрчсөний зэрэгцээ Үндсэн хуулиар иргэнд олгогдсон төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг хайх, хүлээн авах, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хаан боогдуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Цар тахлын аюулаас сэргийлэх, иргэдийг худал, ташаа мэдээллээс хамгаалах хэмээх халхавчийн цаана төрийн мэдээллийг иргэдээс нуух, цензурдэх, эх сурвалжийг хуулийн хариуцлагаар айлган сүрдүүлэх, зөвхөн Түр хороо гэгч төрийн бүтцийн тогтоосон үнэнийг тулган хүлээлгэх гэж байгаа нь үзэл суртал хийх, дарангуйлалд хүргэх, цаашид энэ нь жишиг болон давтагдан үргэлжлэх аюулыг авчирч буйг эрс эсэргүүцэж байна.

Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний эрх, эрх чөлөөг дайн байлдаан, гамшиг, онц байдлын үед л хязгаарлаж болохыг хуульчилсан атал нийтэд халдварлах өвчний жам ёсны үр дагавраар далимдуулан шинэ хууль, журам гаргах замаар улам бүр хязгаарлан хумисаар байгаад харамсаж байна.

Ардчилсан нийгэмд төр зөвхөн өөрөө мэдээллийн эх сурвалж байх, түүгээр дамжих мэдээллээ нэг сувгаар хянах буюу үнэнийг гагцхүү төр тогтоох гэсэн энэхүү санаархлаа зогсоохгүй бол хүний эрх, эрх чөлөө, хараат бус сэтгүүл зүй, чөлөөт хэвлэлийн төлөө тэмцлийн дараагийн шатны арга хэмжээг авахаа мэдэгдэж байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

Сэтгэгдэлүүд

Дээш