Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг /2021.02.хүлээн авч уулзав.
Манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл ханамжтай байна. Хамтын ажиллагааг ялангуяа эдийн засгийн салбарт өргөжүүлэхэд бид чухал ач холбогдол өгдөг. Чехословак Улс 1990-ээд оныг хүртэл манай улсын бүтээн байгуулалтад томоохон хувь нэмэр оруулсан төдийгүй, 1990 оноос хойш Чех Улс манай улсад хөгжлийн тусламж үзүүлж, нийгэм эдийн засгийн чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр ирснийг дурдах ёстой гэсэн юм.
Цаашид хоёр орны Засгийн газар хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхох, Олон Улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийн талаарх саналын хариуг уламжилж, хэлэлцээрийг байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг Элчин сайдаас хүссэн юм.
Элчин сайд Ийржи Бродский шинээр томилогдсонд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэж, БНЧУ-ын Ерөнхий сайдын баярын захидлыг гардуулан өгөв.
Цар тахлын аюул БНЧУ-д ихээхэн хүндрэл учруулж, нэг сая гаруй иргэн нь өвчилсөн учир онц байдал зарласныг дуулгав. Мөн "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлахаар бэлтгэжээ. Өнгөрөгч долоо хоногт хоёр орны парламентын бүлэг хоорондын цахим уулзалтыг амжилттай зохион байгуулсандаа сэтгэл хангалуун байна гэв.
Талууд хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хүрээнд тахь нутагшуулах төслийг үргэлжлүүлж, Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлд олон улсын нислэгийн шугамыг нээх, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийхэд цаашид идэвхтэй хамтран ажиллахаар ярилцав.