logo
Дэлхийн банк боловсролын хоцрогдлыг арилгах төслийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв

Дэлхийн банк боловсролын хоцрогдлыг арилгах төслийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв

2021/03/01

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер Андрей Михневийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Дэлхийн банкнаас боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хооронд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээр, төслийн баримт бичгийн дагуу “Боловсролын чанарын шинэчлэл” төслийг хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд сургалтын үр өгөөжийг сайжруулах, бага ангийн багшийн мэргэжлийн ур чадварыг багш бэлтгэх шатанд болон ажлын байранд нь ахиулах, сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, цар тахлын үед иргэдийн амьжиргааг хамгаалах, “Хүүхдийн мөнгөн тэтгэмж” хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх чиглэлээр анхаарч ажилласан. Үр дүнд 656 ерөнхий боловсролын сургууль, 320 мянган бага ангийн сурагч, 10,800 бага ангийн багш нар хамрагдаад байна.

Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол Улс Олон улсын суралцагчдын үнэлгээний хөтөлбөр буюу /PISA/ үнэлгээний системд 2022 онд анх удаа оролцож байгаатай холбогдуулан, цаашид суралцагчдын сургалтын үнэлгээнд хяналт шинжилгээ үнэлгээ хийх тогтолцоог бий болгоход дэмжлэг хүссэн юм. Мөн COVID-19 цар тахлын халдварт өвчний шууд болон шууд бус үр дагавар боловсролыг нээлттэй, ухаалаг цахим болгох нь чухал гэдгийг онцлон дурдсан. Үүнтэй холбогдуулан 2021-2025 онд цахим боловсролын хүрээнд сурагч, багш, байгууллагын цогц үнэлгээг хийх шинэ төсөл, хөтөлбөр боловсруулж хамтран ажиллах саналтай байгаагаа хэллээ.

“Чадварлаг багш” төслийг боловсруулж, багшийн чадавхид анхаарч ажиллах бодлоготой байгаагаа сайд Л.Энх-Амгалан онцлон хэлсэн юм. Багшийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээ авах, орон даяар багш нарын нэгдсэн үнэлгээ хийж, цогц бодлого, систем боловсруулах чиглэлээр хамтрах саналыг мөн гаргав. Мөн түүнчлэн цар тахлаас үүдэлтэй хичээл, сургалтын үйл ажиллагаа цахимд шилжиж, сурагчдын хоцрогдол үүссэн. Цаашид хоцрогдлыг арилгах төсөлд хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.

Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер Андрей Михнев боловсролын салбарт хэрэгжүүлж буй төслөөс гадна, боловсролын хоцрогдлыг арилгах хөтөлбөрөөс санхүүжилт харамлахгүй гэдгээ онцлон хэллээ.

Эх сурвалж: БШУЯ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш