Уурхайнуудын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс УУХҮ-ийн сайд, Эрүүл мэндийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын хамтарсан тушаалаар “Ажилтнуудын ээлж солилцож, шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах түр журам”–ыг баталж, уурхайнууд болон тэдгээрийн туслан гүйцэтгэгчид, ханган нийлүүлэгчид, тээвэрлэгчид, харуул хамгаалалтын гэрээт аж ахуйн нэгжүүдийн ажилчдын ээлж солилтыг УУХҮЯ-аас нэгдсэн зохион байгуулалтаар ханган, дэмжин ажиллаж байгаа билээ.
Энэ удаагийн ээлж солилтоор, гуравдугаар сард 81 аж ахуйн нэгжийн 7461 ажилчдыг шинжилгээнд хамруулан орон нутаг руу ээлжинд гаргахаар тээвэрлэж, 6328 ажилчдыг ээлжээс буулгаад байна.
Зарим компаниудад ээлж улираах тохиолдол гарч буй тул ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, хууль, дүрэм, журмыг баримтлан ажиллаж, зохион байгуулалттай ээлж солих ажиллгаанд хамтран ажиллахыг мэдэгдэж байна.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ