logo
Д.Сумъяабазар: Цагаан нөмрөгт баатрууддаа олон улсын эмч нарын баярын мэнд дэвшүүлье

Д.Сумъяабазар: Цагаан нөмрөгт баатрууддаа олон улсын эмч нарын баярын мэнд дэвшүүлье

2021/03/30

Эрхэм хүндэт эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчид аа!

Та бүхэндээ олон улсын эмч нарын баярын өдрийн мэндийг хүргэж, монгол хүн бүрийн эрүүл мэнд, энх амгалан амьдралын төлөө хичээнгүйлэн зүтгэж буй их үйлсэд тань талархал илэрхийлж, мэхийн хүндэтгэе.

Энэ удаагийн олон улсын эмч нарын баярын өдөр дэлхий даяар коронавирусийн цар тахлын эсрэг тэмцэж буй цаг үед тохиож байна. Нийслэлийн иргэдэд өнөөдрийн байдлаар харьяа эрүүл мэндийн 29 байгууллага, өрхийн эрүүл мэндийн 142 төв, хувийн хэвшлийн 1267 эмнэлэг, сувилал, клиник, 1200 эмийн сангийн нийт 15 мянга гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, эрүүл мэндийн анхан болон лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

“Ковид 19” аюулт цар тахлын энэ хүнд үед галын шугаманд өдөр, шөнөгүй үүрэг гүйцэтгэж, улс эх орноо, хүн ардаа хамгаалан ажиллаж байгаа Та бүгдийн маань ур чадвар, тэсвэр хатуужил, эрдэм мэдлэг, чин сэтгэл бол яах аргагүй эрүүл мэндийн салбарын төдийгүй Монгол Улсын баялаг юм. Тиймээс ч тэртээ 1933 оноос тэмдэглэж ирсэн олон улсын эмч нарын баярын өдөр бол хүн төрөлхтний эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан эрхэм хүндэтгэлийн ёсолгоо бөгөөд монгол түмний хувьд ч “ЦАГААН НӨМРӨГТ БААТАР”-ууд хэмээн хүндэтгэн өргөмжилдөг учиртай.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч миний бие 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлж, чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах” асуудлыг тусгаж, эмч нарынхаа нийгмийн хамгааллын асуудлыг сайжруулж, гадаад, дотоодод сургах, эрүүл, аюулгүй, шаардлага хангасан орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж, эмч нарынхаа эрүүл мэндийг хамгаалах, урамшуулах зэрэг цогц ажлыг хэрэгжүүлж эхэлснийг дуулгахад таатай байна. Энэ хүрээнд эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх, техник хэрэгслээр хангах, хүний нөөцийн бодлогыг сайжруулахын зэрэгцээ хууль бусаар олгогдсон эмнэлгийн газрыг чөлөөлж, сургууль, цэцэрлэг барих зэрэг олон зорилт бий бөгөөд Та бидний хамтын хичээл зүтгэлийн үр шим сайн цагийг авчирна гэдэгт итгэж байна. Энхийн манаанд хоёргүй зүрх сэтгэлээр ажиллаж байгаа болон ажиллаж байсан алтан гартай эмч, эмнэлгийн ажилтнууд та бүхний санал, санаачилгыг бид үргэлжилж сонсож, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байгаа болно.

Мянган жаргалангийн үүдийг нээгч эрхэм хүндэт эмч, эмнэлгийн ажилтан, ажиллагсад аа, цагаан нөмрөгт баатрууд аа, Та бүхэндээ баярлалаа.

Та бүхэндээ эрүүлийг хүсье. Энхийг хүсье. 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш