logo
“Нэг тархи нэгдсэн систем” төслийг боловсруулан, 2021-2024 онд  хэрэгжүүлэхээр төлөвлөжээ

“Нэг тархи нэгдсэн систем” төслийг боловсруулан, 2021-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ

2021/04/02

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар “Нэг тархи нэгдсэн систем” төслийг танилцууллаа. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын засаглалыг сайжруулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад үзүүлэх төрийн үйлчилгээний шат дарааллыг багасгах, үйлчилгээг цахимжуулах, нийслэлийн харьяа газруудын үйл ажиллагаандаа ашиглаж буй мэдээллийн системийг дахин төлөвлөх, орчин үеийн ухаалаг нэгдсэн системд шилжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын “Нэг тархи нэгдсэн систем” төслийг боловсруулан, 2021-2024 онд  хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Энэ хүрээнд нийслэлд тулгамдаж буй төрийн үйлчилгээний шат дамжлага, авто замын түгжрэл, авто зогсоолын хүртээмж, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах, авлига хүнд суртлыг бууруулах, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлтэй холбоотой харилцааг технологийн шийдлээр сайжруулах, иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Эхний ээлжинд нийслэлийн 171 хорооны 1700 гаруй хэсгийн ахлагчийг шинэ платформтой болгож, төр, иргэн, аж ахуйн нэгжийн уялдаа холбоог хангаж ажиллахаар бэлтгэлээ хангажээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Төрийн үйлчилгээ цахим болж, шуурхай, ил тод, нээлттэй, хардалт сэрдэлтгүй болох ёстой. Бидний яриад байгаа гол бодлогын асуудал энэ. Төслийг шуурхай оруулж, богино хугацаанд хийх хэрэгтэй” гэсэн юм. 

Сэтгэгдэлүүд

Дээш