logo
Л.Оюун-Эрдэнэ: Дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, "ковид"-гүй зуныг хамтдаа угтацгаая

Л.Оюун-Эрдэнэ: Дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, "ковид"-гүй зуныг хамтдаа угтацгаая

2021/04/05

Монгол ахан дүүс ээ, эрхэм хүндэт иргэд ээ

“Ковид-19” хэмээх вирус нь дэлхийн эдийн засаг, улс орнуудын Засгийн газарт хүндхэн сорилт учруулж, хүн төрөлхтөнд цоо шинэ амьдралын хэв маягийг ганцхан жилийн дотор авчирлаа. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн их буюу 2.9 сая хүний амь насыг энэхүү цар тахал авч одлоо.

Цар тахлаас улбаалж дэлхийн эдийн засаг огцом зогсолтод орж, 4.9 хувиар буурсан нь 2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үеийнхээс 3 дахин хүндрэлтэй байна гэсэн тооцооллыг судлаачид гаргажээ.

Миний бие Ерөнхий сайдаар томилогдоод Улсын Их Хурлын чуулганд “Хүн амаа вакцинжуулах нь бидний нэн тэргүүний зорилт байх болно” гэж хэлж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.

Бид цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн, цаашлаад нийт иргэдээ вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газрын эхний 100 хоногтоо багтаан зохион байгуулахын тулд бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллаж байна.

Хүн төрөлхтөн цар тахлыг даван туулах цорын ганц зам вакцинжуулалт гэдэг нь ойлгомжтой. Дэлхийн хүн амыг 7 тэрбум гэж үзэж, өдөрт 16 сая тун вакциныг өнөөдрийн дундаж хурдаар тооцож нийт иргэдийг хос тунгаар хамруулахад багадаа 2 жилийн хугацаа орно гэж тооцоолжээ.

Одоогоор дэлхийн хүн амын дөнгөж 1.8 хувийг хос тун вакцинд хамруулаад байна. Энэ нь олон улсад вакцины хомсдол үүсгэж, улс орнуудын Засгийн газар бүхэн хүн амаа вакцинжуулахаар хичээнгүйлэн ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар дэвшүүлсэн зорилтдоо хүрэхийн тулд шуурхайлан ажиллаж, хоёрдугаар сарын 23-ны өдөр дархлаажуулалтыг эхлүүлснээс хойш өнөөдрийн байдлаар 346.745 иргэн буюу насанд хүрсэн хүн амынхаа 16.3 хувийг вакцинжуулаад байна.

Засгийн газраас дөрөв, тавдугаар сарыг “Дархлаажуулалтын сар” болгон үндэсний хэмжээнд зарлаж байна. Өнөөдрөөс дархлаажуулалтын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, үндэсний хэмжээнд вакцинжуулах ажлыг эхлүүлж байна.

Та, бид хамтдаа хичээж иргэдийн маань оролцоо өндөр байж чадвал тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг, зургаадугаар сарын 1 гэхэд хөдөө, орон нутгийн насанд хүрсэн нийт иргэдээ тус бүр эхний тунд хамруулж, долоодугаар сарын 1 гэхэд нийт иргэдээ хос тунгаар хамруулах томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” амжилттай хэрэгжиж, эдийн засгийн эхний эерэг үзүүлэлтүүд гарч эхэллээ. Олон улсын байгууллагууд үүнийг онцолж байна.

Хатуу хөл хорио тавихгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ ягштал барьж, иргэн бүр вакцинжуулалтад хамрагдах нь эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх юм.

Монголчууд та, бид эвлэлдэн нэгдэх бүртээ ялан дийлж, хагаран бутрах болгондоо уруудан доройтсоныг эх түүх маань сануулдаг. Цар тахлын эсрэг тэмцэлд улс төржилт, талцал хуваагдалгүйгээр иргэн бүр нэгдэн нягтарч, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээхийн төлөө хамтран ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нийт иргэдээсээ хичээнгүйлэн хүсч байна.

ДАРХЛААЖУУЛАЛТДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЖ, "КОВИД"-ГҮЙ ЗУНЫГ ХАМТДАА УГТАЦГААЯ. 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

 

Сэтгэгдэлүүд

Дээш