logo
Иргэн бүрт олгож байгаа 300 мянган төгрөгийн мөрөөр…

Иргэн бүрт олгож байгаа 300 мянган төгрөгийн мөрөөр…

2021/04/13

Коронавирусын тархалтыг хязгаарлахын тулд Засгийн газар дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд 14 хоногийн хатуу хөл хорио тавьж, ингэхдээ Монгол Улсын 3.4 сая иргэн бүрт 300 мянган төгрөгийн тусламж дэмжлэг үзүүллээ. Өчигдрийн байдлаар Сангийн яам 2.848.486 хүний дансанд 300 мянган төгрөг шилжүүлсэн нь нийт хүн амын 83 хувьд энэхүү тусламж хүрээд байна гэсэн үг юм. Санхүүжилтийг Оюутолгойн татварын орлого болох нэг их наяд төгрөгөөс гаргасан гэдгээ Засгийн газар мэдэгдээд байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн иргэддээ бэлэн мөнгөний тусламж олгоно гэсэн мэдэгдэл цагийн дараа гэхэд эзэнтэй болж, зарим улстөрч “Энэ мөнгөний эзэн нь би” гэсэн ойлголтыг тойруу замаар нийгэм рүү цацаж эхэлсэн. Хүн болгоны анхаарлыг татсан 300 мянган төгрөг ингэхэд хаанаас гарсан бэ гэдгийг тодруулах үүднээс 300 мянган төгрөгийн ул үндсийг судалдсан мэдээллийг хүргэе. Монгол Улсын Засгийн газар энэ мөнгийг Рио Тинто компанийн татварын өрийн урьдчилсан төлбөрөөр санхүүжүүлсэн талаар Ерөнхий сайд мэдэгдсэн.

Рио Тинтогийн Засгийн газарт төлөх татварын өр яаж үүссэн бэ?

2012 онд Засгийн газраас зарим улстай 1990-ээд онд байгуулсан байсан давхар татварын гэрээг цуцлах санал анх гаргаж УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлж байсан юм. Давхар татварын гэрээг УИХ-д анх МАН-ын Засгийн газар хэлэлцүүлж байсан бөгөөд энэ үед Ерөнхий сайдаар Сү.Батболд ажиллаж байсан юм. Харин энэхүү давхар татварын гэрээг АН УИХ-д олонх байхдаа эцэслэн шийдэж байв.

Энэ асуудлыг МАН, АН аль аль нь засгийн эрх барьж байхдаа улс орныхоо төлөө гэсэн санаачлагаар шийдсэн учраас энд ямар нэгэн улстөржилт орж ирэх нь утгагүй юм. Энэхүү давхар татварын гэрээ цуцаллагдсан учраас Оюу Толгой ХХК нь суутгах татварыг огт төлдөггүй байж байгаад 20 хувиа төлөх ёстой болсон юм. Засгийн газрын энэ шийдвэрийг Оюу толгой ХХК хүлээн зөвшөөрөөгүй учраас татварын маргаан үүссэн. Гэхдээ Засгийн газрын татварын цоорхойг хаасан тус санаачилга нь өнөөдөр Оюу Толгой ХХК-аас урьдчилсан төлбөр авах боломжийг бүрдүүлсэн, улмаар 300.000 төгрөгийг иргэн бүрт олгож буй хөрөнгийг төвлөрүүлэх хууль эрхзүйн үндэс болжээ.

Дубайн гэрээ юунаас үүссэн бэ?

2012-2016 онд засгийн эрхийг барьж байсан АН Оюу толгой ХХК-тай үүссэн татварын маргаан анх өрнүүлсэн байдаг. Гэхдээ энэ маргаанаа шүүх, арбитраар эцэслэн шийдвэрлүүлээгүй. Түүний оронд эвлэрэлд хүрч татварын өрийг нь тодорхой хэмжээгээр хөнгөлсөн нь зөв гэж үзсэн байдаг. Үүний нэг хэсэг нь алдарт Дубайн гэрээ.

Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар татварын энэ маргаанд тууштай байр суурь баримталж ирсний үр дүнд 1 их наяд гаруй төгрөг төрийн санд төвлөрч, иргэдэд 300.000 төгрөг болж гарт нь очиж байгаа нь энэ юм. Өнөөдөр иргэдийн гар дээр очиж байгаа 300 мянган төгрөг бол татварын өрийн урьдчилсан төлбөр. Оюу Толгой ХХК угаасаа төсөвт байршуулах ёстой мөнгө юм. Түүнээс Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-ын чуулган дээр улстөржүүлэн цухалзуулсан шиг “Хэн нэгэнд Рио Тинто авилга хахууль өгч, тэр нь илрээд сандарсандаа тарааж буй” хэрэг огт биш.

Ерөнхийлөгч Оюутолгой яагаад татварын өр үүсгэсэн бэ гэдгийг мэддэг хүн үү, огт мэддэггүй хүн үү

Иргэдэд очиж байгаа тусламжийн 300 мянган төгрөгийг хамгийн ихээр улстөржүүлж байгаа хүн бол манай Ерөнхийлөгч Х.Баттулга. Иргэн бүрт мөнгө олгох сургаар дэмжигчдээрээ “Ерөнхийлөгчдөө баярлалаа” гэсэн мессежийг хамгийн түрүү олон нийтийн сүлжээнд цацуулж, иргэдийн дэмжлэг авахаар оролдсоныг сонгуультай холбон ойлгоод хаях хүн олон байна.

Гэхдээ эндээс Оюутолгой ХХК яагаад татварын өр үүсгэсэн бэ гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулга мэддэг үү, үнэхээр мэддэггүй юу гэсэн асуулт зүй ёсоор ундарч байгаа юм. Монгол Улсын Засгийн газар Оюутолгой ХХК хоёрын дунд Давхар татварын гэрээг цуцалсантай холбоотойгоор татварын маргаан өрнөж ирснийг Ерөнхийлөгч Х.Баттулга маш сайн мэддэг нэгэн. Хамтарсан засаг байгуулах үед ч, Оюутолгой төслийг УИХ-аар хэлэлцэх үед ч МоАХ-ын төлөөлөл гэгдэх сайд Х.Баттулга маш идэвхитэй, жинхэнэ нэг багийн гишүүн шиг байж, олон “зохицуулах, янзлах” асуудлыг чадварлаг гүйцэтгэж байсан гэж Ерөнхий сайд асан С.Баяр “Жараны бутархай” номондоо өгүүлсэн байдаг.

Үнэхээр ч Х.Баттулга энэ гэрээний асуудал хөндөгдөж байсан 2008-2012 онд С.Баярын болон Сү.Батболдын Засгийн газарт Зам тээврийн сайдаар ажиллаж байсан нэгэн юм. Харин дараа нь АН-ыг 2012-2016 онд засгийн эрх барих үед Хөдөө аж ахуйн яамны сайдаар үргэлжлүүлэн ажилласан байгаа. Гэвч өнөөдөр иргэдэд олгож байгаа 300 мянган төгрөгийн сургаар улс төр хийж, иргэдийнхээ дунд эргэлзээ төрүүлсэн мэдэгдэл хийх нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гарамгүй жижиг нүүдэл болж орхилоо.
Монгол Улсын Засгийн газар, Оюутолгой ХХК хоёрын маргаан дуусаагүй. Олон улсын арбитр дээр хэлэлцэгдэнэ. Хэрвээ арбитрын шийдвэр Оюу толгой ХХК-ийн талд гарах юм бол сая иргэдэд тараагдсан дэмжлэгээ Засгийн газар эргүүлэн төлөх болно. Нөхцөл байдал ийм эмзэг хэвээр байхад Ерөнхийлөгч Х.Баттулга хувийн улстөр хийж байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Б.Ирээдүй

Сэтгэгдэлүүд

Дээш