logo
Яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын амбулатори ажиллаж эхэллээ

Яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын амбулатори ажиллаж эхэллээ

2021/06/17

Коронавирусын  үед зөвлөгөө мэдээлэл өгөх  нэгдсэн лавлах 119 төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх Улсын онцгой комиссын  шийдвэрийн дагуу  ЭМЯ-ны дэргэд Эмнэлзүйн зөвлөгөө өгөх хоёрдугаар шугам ажиллаж эхэллээ. 119 лавлах төвийн  1 дүгээр шугам нь  Улсын онцгой комиссын дэргэд байрлаж байгаа бөгөөд хөдөө орон нутаг зорчих, гадаадаас ирсэн иргэдийн тусгаарлалтын журам гэх мэт eрөнхий  мэдээллийг өгч буй.

Харин  эмнэлзүйн зөвлөгөө  өгөх хоёрдугаар шугамаар эрүүл мэндийн 12 байгууллагын  эмч ажилчид  2 ээлжээр ажиллаж, шаардлагатай тусламж  эмчилгээний зөвлөгөөг  өгч байна. Мөн хүнд, хүндэвтэр шинж тэмдэг илэрсэн иргэдийг яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын амбулаторитой холбох юм.

Энэ хүрээнд өнөөдрөөс эхэлж  40 явуулын амбулаторийн автобус төвийн зургаан дүүрэгт хуваарилагдлаа. Явуулын амбулатори нь халдварын шинж тэмдэг илэрсэн  болон гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг хүргэх юм.

Явуулын амбулаториос гадна ПСР шинжилгээ авах  том оврын автобусуудыг нэмэлтээр гаргаж,  Буянт-Ухаа спорт цогцолбор, Таван шар, Офицеруудын ордон “Тэнгэр плаза” зэрэг газруудад байршууллаа гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш