logo
Л.Оюун-Эрдэнэ: Богдхан төмөр зам бол дагуул хотууд бий болох, авто замын түгжрэл буурах үндсэн шийдлүүдийн нэг юм

Л.Оюун-Эрдэнэ: Богдхан төмөр зам бол дагуул хотууд бий болох, авто замын түгжрэл буурах үндсэн шийдлүүдийн нэг юм

2021/08/24

Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлт энэ сарын 23-ны өдөр боллоо. Монгол Улсын Засгийн газар Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг яаралтай горимоор эхлүүлж, гурван жилийн хугацаанд ашиглалтад оруулж дуусгахаар төлөвлөж байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус төслийг нээж хэлсэн үгэндээ, Богдхан төмөр зам” нь Монгол Улсын дэд бүтцийн болон тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, Төв аймгийн нутаг дэвсгэрт шинэ дагуул хотууд бий болох, автозамын түгжрэл буурах үндсэн шийдлүүдийн нэг юм гэдгийг онцлоод бүтээн байгуулалтын ажилд амжилт хүслээ.


 
Ерөнхий сайд:
-1954 оны Сайд нарын зөвлөлийн 435 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг батлаж, нийслэл Улаанбаатар хотод 500 мянган хүн оршин суухаар тооцсон ч өнөөдөр энэ ачаалал төлөвлөснөөс гурав дахин нэмэгдээд байна.
 
Нийслэл Улаанбаатар хотын замын даац 300 мянган автомашиныг 25 км цагийн хурдтай нэвтрүүлэх хүчин чадалтай ч өнөөдөр 500 гаруй мянган автомашин зорчиж байна. Энэ байдлаас улбаалж өнөөдөр нийслэлийн автозамын нэвтрүүлэх хүчин чадал 13 км цаг, оргил ачааллын үед найман км цагийн хурдтай болжээ. Нэг үгээр хэлбэл, оргил ачаалалтай үеийн дундаж хурд явган хүнийхтэй бараг адил түвшинд очсон байна.   
 
Манай улс жил бүр 80-90 мянган автомашин шинээр худалдан авч байна. Цаашид ингэж үргэлжилбэл 1-2 жилийн дотор нийслэл Улаанбаатар хот ТЭГ зогсолт хийх нөхцөл байдал бодитоор үүсчээ.
 
Тиймээс ч Ерөнхий сайдаар томилогдоод УИХ-ын чуулганд “Хүн амын дийлэнх хэсэг амьдран суугаа их хотын асуудлыг Засгийн газар зөвхөн нийслэлийн удирлагад даатган орхихгүй ээ. Нийслэлчүүдтэйгээ сэтгэл гарган бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно. Улаанбаатар хотын төвлөрлийг багасгана. Нийслэлийн тээвэр болон дагуул хотуудыг холбосон дэд бүтцийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ” гэж хэлсэн. Хэлсэн үг, дэвшүүлсэн зорилтоо бодитой ажил болгохын тулд Ерөнхий сайд өөрөө биечлэн удирдах Үндэсний таван хороо байгуулсны нэг нь Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэлийн түгжрэлийг бууруулах цогц төлөвлөгөө багтаж байгаа юм.


 
Автозамын түгжрэлтэй холбоотой давс мэт шийдвэрүүд гаргах зайлшгүй шаардлагатай нүүр тулж байгаа нь үнэн. Зарим амаргүй шийдлүүдийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх шууд ардчиллын аргыг ч хэрэглэхийг үгүйсгэхгүй.
 
Богдхан төмөр замын төсөл бол хот хөдөөгийн зохист тэнцвэрийг шийдвэрлэх томоохон үндсэн шийдлүүдийн нэг юм. Богдхан төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сум, Улаанбаатар хотын Баганхангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газар нутгийг дамжин нийт 135.8 км үргэлжлэх зургаан зөрлөг, гурван өртөө бүхий бүтээн байгуулалт юм. Мөн 16.6 км урттай хоёр туннелийг Монгол Улсад анх удаа бүтээн байгуулна. Энэ нь цаашдын олон томоохон шийдлийн суурь болох юм” гэж хэллээ.  

Мөн цар тахлын нөхцөл байдлаас үүдэж, 100 жилд тохиолдоогүй нийгэм, эдийн засгийн огцом хямрал үүссэн нэн хүнд үеийг бид туулж байна. Цаг үе хүнд байгаа ч бид нэгдэн нягтарч, хамтран ажиллаж, энэ сорилтыг даван туулахын төлөө энгийн үеэс илүү хичээх шаардлагатай байна. Нийслэл Улаанбаатар хотын шийдэл ч зөвхөн Нийслэлийн Засаг даргаас шалтгаалахгүй, иргэн, аж ахуйн нэгж бүхний идэвхитэй оролцооноос хамаарна гэлээ.


Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Богдхан төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон юм. Богдхан төмөрзам баригдсанаар,
 
· Улаанбаатар хотын төмөр зам, авто замын огтлолцолд дунджаар 144 минутыг зарцуулж байгаа нөхцөл байдал 57 хувиар буурна.  тооцоо бий. Улаанбаатар төмөр замын дагуух дуу чимээ тоосжилт, бохирдол эрс багасч цаашид бензин, шатах тослох материалын агуулах, нүүрс тээвэрлэлт, хүнсний болон барааны агуулахыг хүн ам төвлөрөн суурьшдаг газраас үе шаттай холдуулах боломж нээгдэх юм.
 
· Энэхүү төмөрзам баригдсанаар Хөшигийн хөндийн их бүтээн байгуулалт эхлэж, Хөшигийн хөндийд тээвэр логистикийн гурван шинэ терминал байгуулагдаж, экспорт нэмэгдэж, цаашид эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдах суурь нөхцөл бүрдэж, Төв аймаг цаашид улсын зэрэглэлтэй хот болон тэлэн боломж бүрдэх учиртай.
 
·  Төмөр зам ашиглалтад орсноор Дагуул хаяа хотууд хөгжиж, төр хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд, гадаадын хөрөнгө оруулагчдын түншлэл идэвхижиж, цаашид Өмнөговь, Орхон, Дархан-Уул, Дорнод, Дорноговь аймаг хотжих үйл явцыг хурдасгасан загвар, сэтгэлгээний болон соёлын өөрчлөлт болж чадах юм.
 
· Богдхан төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжин хөрш орнууд болон Ази, Европын бүс нутагтай холбох “Эдийн засгийн коридор”-ын хөгжил, түүн дотроо Улаанбаатар төмөр замын тээврийн оролцоо, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна.


 

Сэтгэгдэлүүд

Дээш