logo
Газар чөлөөлөлтийн нөхөн төлбөрт нийтдээ 286.4 тэрбум төгрөгийг нөхөн олгохоор тусгажээ

Газар чөлөөлөлтийн нөхөн төлбөрт нийтдээ 286.4 тэрбум төгрөгийг нөхөн олгохоор тусгажээ

2021/11/19

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 19 дүгээр хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр боллоо. Нийслэлийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөний биелэлт, 2022 оны төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар хуралдаанд танилцуулав.

2022 оны төлөвлөгөөний төсөлд зургаан яам, УИХ-ын дөрвөн гишүүн, нийт 941 санал ирүүлснийг судлан боловсруулжээ. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаснаар ирэх онд  газрын суурь үнэлгээнд өөрчлөлт оруулах юм. Газрын үнэлгээ бүсчлэлийг дүүргүүд  тогтоодог байсныг болиулж, нийслэл тогтоодог болж буй  бөгөөд  газрын дуудлага худалдааг үргэлжлүүлэхийн дээр дуудлага худалдаагүй өмчлүүлсэн газарт нөхөж дуудлага худалдааны төлбөр авахаар мөн заасан байна. Газар чөлөөлөлтийн нөхөн төлбөрт нийтдээ 286.4 тэрбум төгрөгийг нөхөн олгохоор тусгагдсан байна.  Энэ нь урьд өмнөх онуудын төлөгдөөгүй нөхөн төлбөртэй хамтатгасан төлбөр гэлээ. Эдийн засгаа тэлэх, дагуул хотуудыг  хөгжүүлэхтэй  холбоотойгоор зарим албан байгууллага, төрийн болон төсөвт байгууллагын хэрэгцээнд эзэмшиж буй газруудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд татах ажлыг ирэх оны төлөвлөгөөнд  тусгах нь зүйтэй гэсэн саналыг Засаг даргын зөвлөлийн гишүүн тодотгож байлаа.  

Нийслэлийн Газрын алба цахимжсаныг энэ оны онцлох үйл явдлын нэг гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тодотгоод ирэх онд газрын төлбөрийн орлогыг төвлөрүүлэх ажилд онцгойлон анхаарч, хот хөгжүүлэх санд төвлөрүүлэх хөрөнгө, мөнгийг зохих ёсоор нь авдаг, орсон орлогоо эргээд Улаанбаатар хотын газар төлөвлөлт, газар зохион байгуулалтад зориулдаг байх учиртайг санууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш