logo
Эх орноо, хотоо сурталчлан таниулах үүргээ хэрэгжүүлэхийг хүслээ

Эх орноо, хотоо сурталчлан таниулах үүргээ хэрэгжүүлэхийг хүслээ

2021/11/19

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаар Нийслэлийн Соёл, урлагийн газраас 2021 оны эхний гурван улирлын байдлаарх үйл ажиллагааны танилцуулгаа танилцууллаа. Тус газрын дарга Ж.Дамдинцэрэн “Нийслэлийн Соёл, урлагийн газар нь Нийслэлийн Номын сан, Соёлын төв өргөө, Улаанбаатар театр, Хотын номын сан гэхчлэн 11 харьяа байгууллагатай.

Үйл ажиллагаа маань соёл болон урлагийн гэсэн хоёр үндсэн чиглэлтэй. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд  байдаг түүх, соёлын дурсгалуудыг манай байгууллага хариуцан ажилладаг. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт түүх, соёлын газрын хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон, эдийн засгийн эргэлтэд оруулахаар заасан байдаг. Энэ хүрээнд Археологийн хүрээлэнтэй хамтран Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгааг хийсэн. Энэ ажил ирэх онд мөн үргэлжилнэ. Судлаад өнгөрөх бус, ил музей буюу эко музейг байгуулахаар зорьж байгаа” хэмээн өгүүллээ.

Нийслэлийн Соёл, урлагийн газраас нийслэлийн хэмжээнд яаралтай сэргээн засварлах түүх, соёлын дурсгалуудын жагсаалтыг гаргасан байна. Улаанбаатар хотын музейн ажилчид хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байгаагаас эхлээд анхааралдаа авч шийдэх асуудал цөөнгүй байдгийг мөн тодотгосон. Улсын болон нийслэлийн хамгаалалтад авах дурсгалуудын жагсаалтыг гаргаж,  соёлын өвийг авран хамгаалахад зориулж тодорхой төсөв гаргах саналыг хэлж байлаа. Түүх, соёлын өвийг эзэнтэй болгох, сэргээн засахаар хувийн хэвшлийн байгууллагуудтай ярилцаж буй аж.

Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын танилцуулга мэдээллийг сонссоны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө.

-Нийслэлийн хэмжээнд байгаа түүх, соёлын дурсгалуудыг сэргээн засварлах, авран хамгаалахад санаачилгатай ажилла. Бүх юмыг даацтай, далайцтай хараарай. Хийх ажлаа цаасан дээр буулгаж, ТЭЗҮ боловсруулж бэлэн болго. Тэгж гэмээнэ гадаад, дотоодоос хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ. Хөрөнгө санхүү татах нь боломжгүй зүйл биш. Хотын номын сангийн жишээ байна. БНСУ-аас бага боловч хөрөнгө татаж чадсан.

-Хотын уриа, брэнд бүүкийг шинэчлэх тал дээр анхаар. Хотын түүхээс эхлээд соёл, хууль, дүрэм стандарт гээд бүгдийг сурталчлах гарцыг нэг болгох, зорилгоо нэгтгэхэд анхаараарай.

-Соёл урлагийнхан та бүхэн бол үндэсний өв соёлыг тээгч нар юм шүү. Тиймээс эх орноо, хотоо сурталчлан таниулах үүрэг та бүхнийх. Австрийн Венийн театртай хамтран ажиллах эхлэл тавигдаад маш удаж байна. Үүнийг ажил хэрэг болгоход анхаарч, гадаадын жуулчдыг татах бүхий л боломжийг судлаарай.

-Монгол туургатнууд,  буддын шашинтнуудыг татах хэрэгтэй. Хүний урсгалыг санхүү, эдийн засгийн боломж дагалддаг. Үүнийг дагалдуулан шинэ шинэ бүтээгдэхүүнийг бий болго. Үгүйдээ л гудамжны үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэлийн соёл хөгжинө. Дэлхийн том хотуудад гудамжны соёл хөгжсөн байдаг. Гэтэл манай хотод баахан хяналт шалгалтаар далайлгадаг, хувийн хэвшлийнхнээ мохоодог, урам зоригийг нь хугалдаг. Үүнийг засах хэрэгтэй гэлээ. 

Сэтгэгдэлүүд

Дээш