logo
Д.Сумъяабазар: Нийтийн тээвэрт цахим шилжилтийг үндэсний компаниудтай хамтран хэрэгжүүлнэ

Д.Сумъяабазар: Нийтийн тээвэрт цахим шилжилтийг үндэсний компаниудтай хамтран хэрэгжүүлнэ

2022/05/19

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд Засгийн газраас гаргасан шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцууллаа. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Нийтийн тээврийн парк шинэчлэлийг ямар санхүүжилтээр хийх вэ?

-Дотоодын болон гадаадын эх үүсвэрээр хийнэ. Хятадын Хөгжлийн банк, Экспорт-Импортын банк болон Монголын дотоодын банк гэсэн схемээр явж байна. Бид богино хугацаанд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн.  

-Түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

-Нийтийн тээврийн парк шинэчлэл бол түгжрэлийг бууруулах нэг л шийдэл. 11-11 төвд ажиллахад иргэд нийтийн тээврийн парк шинэчлэлийг богино хугацаанд хийх, соёлтой, боловсон, цагийн хуваарийн дагуу явдаг нийтийн тээврийг нэвтрүүлэх хүсэлтийг маш их тавьж байна. Бид наймдугаар сарын 20-ны дотор 591 автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Улсын төсвийн санхүүжилтээр тодорхой хэсгийг шийднэ. Мөн цаг хугацаа хэмнэх үүднээс хувийн хэвшил болон олон улсын түншлэл, гадаад, дотоодын эх үүсвэрээр зохицуулж байгаа. Сангийн яамны зүгээс гааль, НӨАТ-аас чөлөөлж өгөх шаардлагатай. 2009 оноос хойш дорвитой, томоохон шинэчлэлийг нийтийн тээвэрт хийгээгүй. Нийслэлийн иргэдийн тоо 1.6 саяд хүрсэн. Тиймээс түгжрэл бол бүх нийтийн асуудал болсон. Нийтийн тээвэр тохилог, тухтай, орчин үеийн, шаардлагад нийцсэн байх ёстой. Бид ч ийм шаардлага тавьж байгаа. Мөн маршрутыг зөв төлөвлөх ёстой. Мөн RFID буюу мэдрэгчтэй төхөөрөмжийг 169 гэрлэн дохионд суурилуулах ажил эхэлсэн. Наймдугаар сарын 20-н гэхэд дуусгахаар төлөвлөсөн.

Улаанбаатар хот тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олголтоо өөрсдөө хийдэг байх ёстой. Тэгэхгүй бол тээврийн хэрэгслийн тоо тодорхой бус байна. Бүртгэлжүүлснээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, зохицуулалт, бүртгэл, хяналт шалгалтаа хийх бололцоо бүрдэнэ.

-Улаанбаатар хотын хөнгөн галт тэрэг буюу LRT барих ажил ямар шатандаа явж байна вэ?

-Хөнгөн галт тэрэг Улаанбаатар хотод зайлшгүй шаардлагатай. Хотын тулгамдаж байгаа түгжрэлийн асуудлыг шуурхай, хурдтай шийдэхгүй бол 2024 онд тэг зогсоход хүрнэ. Үүнээс сэргийлэх үүднээс нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийж байна. Эхний шийдэл гэсэн үг. Ухаалаг систем нэвтрүүлж RFID мэдрэгч тавьж буй нь бас нэг шийдэл. Мөн авто зогсоолуудыг ухаалаг системтэй холбож,  шийдлийг гаргаж, НИТХ-аар хэлэлцүүлэх юм. Түүнчлэн тээврийн хэрэгслийн бүртгэл, тооллого чухал. Улаанбаатар хотын иргэдийн өөрсдийн нэр дээрх тээврийн хэрэгсэл 385-400 мянга байгаа болов уу. Үлдсэн нь хотын иргэний нэр дээрх орон нутгийн иргэдийн машин байгаа болов уу гэж таамаглаж байна.

Төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот руу шилжих, дэд төвүүдээ тойрог хурдны замаар холбох, ингэснээр хотын төвийн Их тойруу, Бага тойруугийн авто замын ачааллыг бууруулах ажлыг хийнэ. Ялангуяа шинэ нисэх онгоцны буудлын дэргэд байгуулах дагуул хот бол Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах шийдэл байх юм.

-Хөнгөн галт тэрэг барьж байгуулах ажлыг Олон улсын валютын сангаас болиулсан гэсэн мэдээлэл байна. Үнэн үү?

-Энэ бол ташаа ойлголт байна. 510 сая ам.долларын баталгаа гаргах эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцсэн. Улаанбаатар хот дотоод хүч, нөөц бололцоо, бусад эх үүсвэрээр хөнгөн галт тэргийг концессын болон бусад дараа төлбөрт санхүүгийн нөхцөлөөр барих бүрэн бололцоотой. Тиймээс Улаанбаатар хотын орлогыг хөрөнгө оруулалт дэмжих эх үүсвэр болгон үлдээвэл бидэнд дэмжлэг болно. Нөгөө талаас Тавантолгойн нүүрсний борлуулалт,  газрын тосны бүтээгдэхүүний борлуулалтаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх хувилбарууд руу шилжих ёстой юм. Улсыг өрөнд оруулахгүйгээр, улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр хөнгөн галт тэрэг болон тойрог хурдны замын төслүүдийг хэрэгжүүлэх тооцооллыг гаргачихсан байгаа.

Хөнгөн галт тэрэг бол олон улсын хэмжээнд шаардлагад нийцсэн тээврийн хэрэгсэл. Эхний ээлжид барих 18.1 км замын нийт барилга байгууламж, газар чөлөөлөлт, магадлашгүй зардалтайгаа нийлээд 926 сая ам.доллар гэсэн зардал ТЭЗҮ-д тусгагдсан. Бодит өртгөөр тооцвол 960 сая ам.доллар. Энэхүү ТЭЗҮ-д тусгасан тооцооллыг бууруулах бололцоотой. Наад зах нь гааль болон НӨАТ, онцгой албан татвараас чөлөөлөхөд  70 сая ам.долларыг хэмнэнэ гэсэн үг. Тэгэхээр энэхүү төслийг жадлан эсэргүүцээд байх шаардлагагүй гэдгийг хэлмээр байна. Хотын түгжрэлийг бууруулах гол зангилаа нь хөнгөн галт тэрэг шүү. Нөгөөх нь тойрог хурдны зам. Хоёр төсөлд оролцох инженер, техникийн ажилтнууд хэдийнээ Улаанбаатарт ирчихсэн байна. Ажлын зургаа хийгээд Монгол Улсын Засгийн газар болоод Улаанбаатар хотын дэмжлэг, байр суурийг хүлээж байгаа.

-Нийтийн тээврийн шинэчлэлийн 591 автобусны хэдэн хувийг төрөөс, хэдэн хувийг хувийн хэвшлээс санхүүжүүлэх вэ?

-Нийтийн тээврийн ачааллыг төр үүрч явах ёстой юм билээ. 2015 оноос эхлэн смарт карттай болсноороо 53 тэрбум төгрөгийн татаас 180 тэрбум гаруй болж нэмэгдсэн. Смарт карттай болсноороо нийтийн тээврийн салбарын татаасыг 130 тэрбумаар нэмэгдүүлсэн. Энэ асуудлаар санхүүгийн шалгалт оруулъя гэхээр тооцоо судалгаа, дата нь Солонгос руу явчихдаг учраас шалгаж болдоггүй. Улаанбаатар хотын тээврийн бүх статистик БНСУ руу явдаг болсон байна. Тиймээс смарт картыг хотын нийтийн тээврээс хална. Нийтийн тээвэрт цахим шилжилтийг үндэсний компаниудтай хамтран хэрэгжүүлнэ. Хэмнэлтийн горимд шилжиж, технологийн дэвшлийг үндэсний компаниудаар хийлгэнэ. Парк шинэчлэл, хөнгөн галт тэрэг, тойрог хурдны зам гэхчлэн бүгдийг ухаалаг шинэчлэл малгай дор багтаана.

-Туул гол дагуух 16 байршилд тохижилтын ажил хийнэ гэсэн. Энэ ажил юу болсон бэ?

-Эхний ээлжид иргэд, олон нийтийн дунд зургаан байршилд тохижилтын ажлын уралдаан зарласан. Бага тэнгэрийн ам, Баянзүрхийн гүүр, Дугуй цагаанд зургийн дагуу ажил нь эхлэхэд бэлэн болсон. Заримынх нь ажил эхэлсэн. Гурвыг нь энэ жил ашиглалтад оруулах бол үлдсэн гурвын ажлыг энэ жил эхлүүлж, ирэх жил дуусгахаар төлөвлөсөн.

-Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар хот бонд гаргах эрхтэй болсон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Бонд, үнэт цаас гаргах, концесс хэрэгжүүлэх, нийслэлийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа явуулахад Сангийн яамтай заавал зөвшилцөх зохицуулалттай. Улаанбаатар хотын хөрөнгийн үнэлгээ хийх ажил долдугаар сараас эхэлж, есдүгээр сар гэхэд дуусна. Үнэлгээ гарсны дараа бондын асуудлыг Сангийн яамтай ярилцаж, Засгийн газарт танилцуулна.

-Эхний ээлжид ямар чиглэлээр бонд гаргах талаар төлөвлөж байна вэ?

-Дэд бүтцийн бонд гаргах хүсэлтэй байна.

Сэтгэгдэлүүд

Дээш