logo
"Турк-Монголын бизнес форум-2022" боллоо

"Турк-Монголын бизнес форум-2022" боллоо

2022/06/15

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Бүгд Найрамдах Турк Улсын Танхим, Биржүүдийн Холбоо, Монгол-Туркийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Турк-Монголын бизнес форум”-ыг БНТУ-ын Истанбул хотноо зохион байгууллаа.

Форумд Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд сайд Г.Мөнхбаяр, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Бүгд Найрамдах Турк Улсын Танхим, биржүүдийн холбооны ТУЗ-ийн гишүүн Чэнгиз Гунаи, Монгол-Туркийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Эрсин Каска, С.Болдхэт, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Монголын Олон Улсын Арбитрын дарга С.Энхцэцэг, Монгол Улсаас барилга, уул уурхай, ноос ноолуур, арьс шир, эрүүл мэнд, мах, махан бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхлэгч 15 компанийн 30 гаруй төлөөлөгч, БНТУ-аас мөн салбаруудын компанийн 40 гаруй төлөөлөгч оролцов.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин форумыг нээж хэлсэн үгэндээ “МҮХАҮТ-ын зүгээс цаашид Монгол-Туркийн худалдаа бизнесийн хамтын ажиллагаа, Туркийн Танхим, Биржүүдийн Холбоо болон БНТУ-ын хамтран ажиллагч талуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр улсын хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийн хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, тулгамдаж буй тээвэр логистикийн асуудлуудыг шийдвэрлэхэд нягт хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийлээд хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, форумын үр дүнг сайжруулах зорилгоор цаашид хамтарсан форумыг жил бүр уламжлал болгон, хоёр улсад ээлжлэн тогтмол зохион байгуулах саналыг гаргалаа.

Хоёр орны худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны цар хүрээ, нэр төрлийг нэмэгдүүлэх, өргөжүүлэх, бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагааны боломжийг нээж өгөх, өөр хооронд нь холбох, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах, бизнес эрхлэгчдэд шинэ боломж бий болгох зорилгоор зохион байгуулсан “Турк-Монголын бизнес форум”-ын үеэр Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдаа, бизнесийн орчин, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулах, хамтарч ажиллах боломж, тээвэр логистикийн салбарын хамтын ажиллагаа зэрэг мэдээллийг танилцуулав. Форумын дараа хоёр талын бизнес эрхлэгчдийг холбох В2В арга хэмжээг мөн зохион байгуулж, бизнесийн шинэ хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцсон юм.

2021 оны байдлаар Монгол Улсаас БНТУ руу самар, ямаа, ишигний боловсруулсан арьс буюу шевро, нефтийн бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл зэрэг 2.8 сая ам.долларын өртөг бүхий бүтээгдэхүүн гаргасан нь манай улсын нийт экспортын 0.04 хувийг эзэлж байгаа бол БНТУ-аас 71.2 сая ам.долларын өртөг бүхий барилгын материал, эрүүл мэнд, гоо сайхан, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тавилга, хувцас хэрэглэлийг импортолсон нь манай улсын нийт импортын 1.04 хувийг эзэлж байна. Цар тахлын өмнө буюу 2019 онд БНТУ-аас Монгол Улсад мянга гаруй жуулчин, Монгол Улсаас БНТУ-д 10 гаруй мянган жуулчин аялж байжээ гэж Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш