logo
Германы тамирчин Гиидо Кунзе Монголд дугуйгаар аялж, Гиннесийн амжилтыг тогтооно

Германы тамирчин Гиидо Кунзе Монголд дугуйгаар аялж, Гиннесийн амжилтыг тогтооно

2022/08/10

ХБНГУ-ын экстрим спортын тамирчин Гиидо Кунзе нь Гиннесийн дээд амжилтыг шинээр тогтоох зорилгоор Монгол орны баруун хязгаараас зүүн хил хүртэл 2600 км замд дугуйн аялал хийхээр төлөвлөсөн билээ.

Тэгвэл тэрбээр уг аяллынхаа зургаа дахь өдөртэй золгож буй бөгөөд өдөрт 350-400 км замыг туулсаар өнөөдөр Улаанбаатар хотод ирээд байна. Гиннесийн олон дээд амжилтын эзэн болсон уг тамирчныг Улаанбаатар хотноо саатах үеэр УИХ-ын гишүүн, Монголын дугуйн холбооны дэд ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэг, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нар уулзаж, амжилт хүслээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Дэлхийд алдартай хүмүүс олон дагагч, шүтэн бишрэгчтэй учраас тэднийг Монгол Улсад аялж, зочлох үеэр дэмжин ажиллах нь зүйтэй. Ингэснээр тэдний сувгаар дамжуулан дэлхий дахинд эх орноо сурталчилж, үзэсгэлэнт байгалиа үзүүлэх боломжтой. Энэ нь цаашлаад аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна” гэсэн юм.

Экстрим спортын тамирчин Гиидо Кунзе “Том газар нутагтай, цөөн хүн амтай Монгол Улсад анх удаа ирлээ. Монголчууд найрсаг хүмүүс байна. Монгол, Герман хоёр улсын хооронд олон ялгаа бий ч аяллынхаа үеэр хоёр улс юун дээр хамтарч ажиллаж болох талаар их зүйл анзаарч харлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Шпаркассэ банкны Олон улсын хамтын ажиллагааны сангийн суурин төлөөлөгч  Маркус Лох уг аяллын үеэр Монгол орны тухай баримтат кино хийж байгаа бөгөөд дуусмагц нь нийслэлийн удирдлагууд болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүлээлгэж өгнө гэдгийг хэлж байв.

Гиидо Кунзе нь 1967 онд төрсөн бөгөөд 2005 онд автомашины бизнесээ орхин дугуйн экстрим спортоор дэлхийн дээд амжилтыг эвдэхээр шийджээ. Тэрбээр дэлхийн хэд хэдэн дээд амжилтыг эзэмшдэг байна. Тухайлбал,

-Австралийн баруун хязгаараас зүүн хязгаар хүртэлх 4200 км замыг хамгийн богино хугацаанд туулсан.

-Дэлхийн хамгийн өндөр галт уул болох Чилийн Атакама цөл дэх Ожо де Саладо галт уул хүртэл 6233 метрийн өндөрт дугуйгаар гарсан.

-Альпийн нурууг 100 мянган босоо метрийг 14 хоногийн дотор туулсан.

-Хятадын Цагаан хэрэм дээр дугуйгаар хамгийн хол зайд явсан зэрэг амжилтын эзэн ажээ.

Монгол Улсад хийж буй түүний аяллын маршрут:

-Гараа – Боршоо хилийн боомт

-Увс аймгийн Улаангом сум

-Архангай аймгийн Цэцэрлэг хот

-Улаанбаатар хот

-Багануур дүүрэг

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт хот

-Бариа – Бичигтийн боомт

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Сэтгэгдэлүүд

Дээш