logo
“Coal Mongolia-2022” чуулга уулзалт эхэллээ

“Coal Mongolia-2022” чуулга уулзалт эхэллээ

2022/09/08

Уул уурхайн салбарын 100 жилийн ойн хүрээнд нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2022” чуулга уулзалт, үзэсгэлэн энэ сарын 7, 8-ны өдрүүдэд болж байна.

Уул уурхайн салбар дахь технологийн дэвшлийг онцолж буй энэ удаагийн “Coal Mongolia” чуулганы эхний салбар хуралдаан “Шинэ сэргэлтийн бодлого нүүрсний салбарт, нүүрсний салбарын оролцогч талууд” сэдвийн дор зохион байгуулагдлаа. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд боомтын хүчин чадлыг гурав дахин тэлж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр зорьж буй. Тухайлбал, энэ дагуу нүүрсний экспортын гол боомт Шивээхүрэнд 17 га талбайд чингэлэг тээврийн терминал байгуулах бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Үүнийг төр, хувийн хэвшлийн хүрээнд Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд өөрсдийн зардлаар гүйцэтгэж байгаа юм.

Чуулганаар сүүлийн хоёр жилд дотоодын экспортлогч компаниудад тулгамдсан экспортын бүтээгдэхүүний жишиг үнэ тойрсон асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнөсөн. Салбар яамны зүгээс нүүрсний ангиллыг нэмэгдүүлсэнээр нүүрсний экспортын жишиг үнийг бодитой тогтоох, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа бизнесийн бодит нөхцөлд нийцэж, санхүүгийн дарамтад орохгүй байх, Монгол Улсын экспортын нүүрсний нэр төрөл олширч, төсөвт төвлөрүүлэх татварын нийт хэмжээ өсөх зэрэг олон талын ач холбогдолтойг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал онцолсон.

2021 оны байдлаар манай улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75 хувийг уул уурхайн салбар дангаар бүрдүүлж байна. Экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний олборлолт, үйлдвэрлэлд өрөмдлөг, тэсэлгээ нэн чухал. Үүнтэй холбогдуулан MERA ГРУПП-ийн гүйцэтгэх захирал Н.Түмэндэмбэрэл “Force majeure-ийн үед уул уурхайн салбарыг тэсэлгээний материал, хэрэгслээр хангах нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн бол “Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн”-ийн ахлах судлаач З.Манлайбаатар “Монгол Улсын нүүрсний экспорт ба АМНАТ” судалгааны үр дүнг танилцууллаа.

Эх сурвалж: УУХҮЯ


Сэтгэгдэлүүд

Дээш