logo
Г.Сурмаа: Монголын хөдөө аж ахуйн өндөр технологийн анхны цогцолборыг Төв аймагт барьж байна

Г.Сурмаа: Монголын хөдөө аж ахуйн өндөр технологийн анхны цогцолборыг Төв аймагт барьж байна

2023/07/26

Н.Сүнжид

Төв аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаатай ярилцлаа.


-Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн босгон дээр тантай ярилцах гэж байна. Юун түрүүнд танд ойн баярын мэнд хүргэе.

-Баярлалаа. Баяр наадам бол бидний өв соёл, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг шүү дээ. Тиймээс монголчууд баяр наадамд ихээхэн ач холбогдол өгдөг. Нутгийн зон олондоо Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн түүхэн ойн мэндийг хүргэе.

-Шинэ зуун жилийн эхлэл тоологдох энэ хугацаанд та бүхэн өмнөхөө цэгнэж ирээдүйгээ төлөвлөж байгаа болов уу. Тиймээс Төв аймгийн дараагийн зуун жилийн ирээдүйг та бүхэн хэрхэн харж байгаа бол?

-Өнгөрөгч зуун жилд бид хөдөө аж ахуйн салбарын сууриа бат нот тавьсан. Тэгвэл ирэх зуун жилд манай аймаг өмнөх суурьдаа тулгуурлаж мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарын өндөр технологиор эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрийг хөгжүүлэхээр ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл, бид XXI зууны өндөр технологийг суурьшуулах эхлэлийг тавилаа. Үүнд ОХУ, БНСУ, ХБНГерман улсын түүхий эдийг дахин боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хийх үйлдвэр технологийг Монголд, тэр дундаа Төв аймагт бий болгох гэж байна.

Бидний зорьж байгаа энэхүү ажил Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, Засгийн газрын дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-той яв цав нийцэж байгаа гэдгээрээ онцлогтой. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр хөдөөг хөгжүүлэх, орон нутагт ая тухтай амьдрах, ажлын байр олноор бий болгох зэрэг олон ач холбогдолтой юм.

Манай аймгийн давуу тал нь нэгдүгээрт, улсын нийслэл буюу хамгийн том зах зээлтэй ойр. Хоёрдугаарт, төмөр зам, автозам, агаарын тээвэр зэрэг бүхий л дэд бүтэц шийдэгдсэн гэдгээрээ давуу талтай. Түүнчлэн цаг уурын хувьд газар тариалан, мал аж ахуй эрхлэхэд таатай зэрэг онцлогууд бий. Энэ давуу талыг ашиглаж өнгөрсөн зуунд манай аймаг газар тариалан эрхлэлт, мал аж ахуйн үйлдвэрлэлээ хөгжүүлсэн. Улаанбаатар хотын найдвартай ар тал болж, хүн амаа эрүүл, аюулгүй хүнсээр, үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангадаг том бааз болж төлөвшсөн л дөө. Энэ бол яах аргагүй манай аймгийн өнгөрсөн 100 жилийн хугацаанд бий болгосон брэнд. Мэдээж төрийн бодлогоор олон арван чадвартай боловсон хүчнийг бэлтгэж байсны хүчинд энэ том суурь хөрс бий болсон. Өнөөдрөөс аймгийн шинэ 100 жилийн түүх эхэлж байна. Энэ цаг үетэй давхцаад Засгийн газрын том бодлого Төв аймаг руу чиглэж, Шинэ нисэх буудлыг түшиглэсэн “Шинэ Зуунмод” хотыг байгуулахаар болсон. Ингээд шинэ хотод шаардагдах бүтээн байгуулалт өрнөж байна.

Энэ бол Төв аймагт ирэх 100 жилд зөвхөн газар тариалан, мал аж ахуйдаа түшиглэн дэлхийд тэргүүлсэн өндөр технологийн үйлдвэрлэл тогтвортой хөгжих эхлэл тавигдсан. Хэдхэн жилийн өмнө “Нийслэлтэй ойр учраас Төв аймаг хөгжих боломжгүй” гэдэг байсан. Одоо бол Төв аймгийг Засгийн газар, УИХ гээд шийдвэр гаргах түвшнийхэн ч, хөрөнгө оруулагчид ч, томоохон аж ахуйн нэгж байгууллагууд ч өөр нүдээр хардаг боллоо. Тэд өөрсдийн бий болгох боломжтой бүтээн байгуулалтыг ярьдаг, хамтран ажиллах санал тавьдаг хэмжээнд ирсэн байна.

Энэ бол аймгийн ирээдүй гэрэлтэй, гэгээтэй байгааг харуулж байгаа хэрэг. Аймгийн ирээдүйг 100 жилээс наана, өнгөрсөн 30 жил гэж ярьдаг шиг, ирээдүйн 30 жилээр төсөөлөхөд ч өөдрөг харагдаж байна. Ирэх 30 жилд Төв аймаг ямар концепцоор хөгжих вэ гэдэг нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогод тод туссан. Аймгийн удирдлагууд Засгийн газар, УИХ-аас авч хэрэгжүүлж буй бодлогыг дэмжээд ажиллахад хэдхэн жилийн дараа Төв аймгийн ирээдүй илүү тод харагдана гэдэгт итгэлтэй байна.

-ОХУ-ын нэлээд нэр хүндтэй том компани болох “Сибагро”-той танай аймаг хамтарч ажиллахаар болсон гэж сонссон. Үүнд таны оролцоо, манлайлал их байсан гэж би сонссон юм л даа. Тиймээс танаар энэ талаар яриулмаар байна. Яг ямар чиглэлээр, яаж хамтарч ажиллахаар болов. Хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт татав гэхчилэнгээр?

-Тийм ээ. Манай аймаг хөдөө аж ахуйг хөгжүүлэх стратегиа боловсруулсан. Энэхүү стратеги нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан хүнсээ дотоодоосоо хангадаг улс байх зорилт, Монгол Улсын зорьж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдаж байгаа юм.

ОХУ-ын “Сибагро” бол салбартаа тэргүүлэгч компани юм. Энэхүү компанитай бид жилийн өмнө хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. “Сибагро” компани дээд зэргийн гахайн махыг дэлхийн 20 оронд нийлүүлж байна. Ингэхдээ гахайн үржүүлгээ өөрсдөө хийж, мах махан бүтээгдэхүүнээ өөрсдөө эцсийн бүтээгдэхүүн болгож нэмүү өртөг шингээж экспортолдог өндөр технологийн үйлдвэр явуулдаг компани юм.

Хамтын ажиллагааны хүрээнд манай аймагт 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр гэрээ хийсэн. Энэ хүрээнд 400 хүний ажлын байр бий болно. Энд бидний зүгээс Төв аймгийн Баяндэлгэр суманд 50 га газрын асуудлыг шийдсэн. Одоо бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Евро стандартын энэхүү үйлдвэр ирэх жилийн эцсээр ашиглалтад орно.

-Танай аймаг ногоон аймаг болох зорилт тавьсан. Уул уурхайд бус өөр салбарт тулгуурлаж хөгжих хөгжлийн гарц та бүхэнд байна уу?

-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого ” -д туссан “Ногоон хөгжил”-д тулгуурлаж “Ногоон Төв аймаг” бодлогыг бид хэрэгжүүлж байна. Энэ бодлогын хүрээнд манай аймаг уул уурхайгаас ангид байж нэн тэргүүнд газар тариалан, мал аж ахуйн салбараа хөгжүүлнэ. Эрчимжсэн аж ахуйн фермерийг байгуулах бодлого барьж байна. Учир нь мал аж ахуй бол өсч үрждэг салбар шүү дээ. Тиймээс энэ фермерийг өндөр технологид суурилж хөгжүүлэх боломж манайд бүрэн бий. Мөн газар тариалангийн салбарт технологи, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, евро стандартын өндөр технологийг нэвтрүүлсэнээр дээрх зорилтдоо хүрнэ.

Үүнээс гадна энэхүү өндөр технологийг ашиглаж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаас гадна экспортлогч аймаг болох том амбицыг бид дэвшүүлсэн. Энэхүү зорилтдоо хүрнэ гэдэгт бид итгэлтэй байгаа.

Манай аймаг Монгол Улсын нарийн ногооны хэрэгцээний 65 хувийг хангаж байна. Цаашид нарийн ногоог гүн боловсруулах үйлдвэрийг бий болгох бүрэн боломжтой юм. Тиймээс төмсийг гүн боловсруулж царцуул болгодог үйлдвэрийг аймагтаа байгуулахаар ажиллаж байна. Энд БНХАУ болон ОХУ-ын хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллахаар яриа хэлэлцээрийг идэвхтэй өрнүүлж байгаа.

Энэ мэтээр манай аймаг газраа ухахгүйгээр мал аж ахуй, хөдөө аж ахуйд тулгуурлаж хөгжих бүрэн боломжтой. Жишээ нь, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгож эцсийн бүтээгдэхүүн гаргах, мөн арьс ширээ ашиглах зэрэг мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарыг “мөлжвөл” заавал газар ухаад байх шаардлагагүй юм.

-УИХ, Засгийн газрын шийдвэрээр танай аймагт Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг тойрсон гурван хот байгуулах тогтоол гарсан…

-Тийм ээ. Энэ тогтоолуудын дагуу манай аймгийн ИТХ-ын шийдвэрээр 32 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Тодруулбал, “Шинэ Зуунмод хот”, “Майдар сити”, “Хөшигийн хөндий тойрсон 100-150 мянган хүн амьдрах хотыг бий болгох шийдвэр гарсан. Энэ бол манай аймгийн хөгжлийн дараагийн гарц, эхлэл юм.

Үүнийг дагаад дэд бүтцийн маш том бүтээн байгуулалтууд эхлэх гэж байна. тухайлбал, Богдхан төмөр зам тавигдах гэж байна. Хотуудын газар доогуурх инженерийн шугам сүлжээ, дулаан, цахилгаан станцууд, барилга зэрэг олон салбар хөгжих ирээдүй байгаа юм.

Монгол Улс бол далайд гарцгүй орон. Монгол Улсын далайд гарах гарц, агаарын тээврийн боомт аймгийн нутаг дэвсгэрт шинээр ашиглалтад орсон нь аж ахуйн нэгжийн нүүдэл Төв аймгийг чиглэх, оршин суугчдын тоо нэмэгдэх, дагаад зах зээл хөгжих боломжийг нээж байна. Төв аймгаас иргэд шилжих нь багассан. Эсрэгээрээ нүүж ирдэг болсон.

Шинэ нисэх буудлыг даган хөгжиж буй “Шинэ Зуунмод” хотыг байгуулах ажил өнөөдөр эрчтэй явагдаж байна. Энд олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэсэн тээвэр ложистикийн төв, өндөр зэрэглэлтэй зочид буудал, үйлдвэр технологийн парк шинээр бий болж, өндөр технологийн дэвшлийг ашигласан үйлдвэрүүдэд 20 мянган ажлын байр бий болгох юм. Эрчим хүч, дулааны дэд бүтэц, орон сууцны хорооллууд баригдаж дуусахаар инноваци, ноу-хау, шинэ технологи, хиймэл оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын компаниуд суурьшиж, тэдний бүтээлийг иргэд, аж ахуйн нэгжүүд хэрэглэж, ашиглаж, зах зээл хөгжих нь тодорхой.

Ерөнхийдөө орон нутгаас нийслэлийг чиглэсэн их нүүдэл Зуунмод шинэ дагуул хот руу чиглэж, Төв аймаг Улаанбаатар хотын хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээний талаас дээш хувийг ханган нийлүүлэхийн зэрэгцээ хүн амын механик нүүдлийн ачааллыг ч хуваалцаад эхэлнэ гэж харж байна.

Эх сурвалж: Dnn.mn

Сэтгэгдэлүүд

Дээш