logo
Ч.Батзориг: Нийтийн тээврийн чанар, хүртээмж, зорчих урсгалыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна

Ч.Батзориг: Нийтийн тээврийн чанар, хүртээмж, зорчих урсгалыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна

2023/09/12

Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлсөн талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэл өглөө. Тэрбээр:

-Нийтийн тээврийн зорчилтыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Наадамчдын өргөн чөлөөний нэгдүгээр эгнээний 7.2 км замыг автобус явахад зориулан чөлөөлсөн. Энэ оны хагас жилийн байдлаар импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн тоо 60 мянгад хүрсэн. Нийслэл дэх тээврийн хэрэгслийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн чанар, хүртээмж болон зорчих урсгалыг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна. Иймээс хувийн тээврийн хэрэгслээр зорчиход зориулан ямарваа нэг арга хэмжээ авахгүй. Иргэдийгээ аль болох хувийн унаагаар бус, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг уриалж байна.

Автобус хоорондын зайг 7-10 минут тутамд байхаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Наадамчдын өргөн чөлөөнд хэд хэдэн арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Тухайлбал, камерын хяналтыг сайжруулж, тээврийн цагдаагийн алба хаагчдыг ажиллуулахаар ярьж байгаа. Түүнчлэн нүхэн гарцыг ажиллуулж, явган хүний гарцыг шилжүүлэх ажлыг зохион байгуулна.

-Автобусны хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлээд байна вэ?

-Наадамчдын өргөн чөлөөнд 100 хүрэхгүй автобус явдаг байсныг 130 болгож байна. Мөн богино эргэлтийн чиглэлийг нэмж, өнөөдрөөс үйлчилгээнд явуулна. Буянт-Ухаагаас Үйлдвэр 19 хүртэл богино эргэлт гаргаж, 15-20 автобус үйлчилгээнд явуулах юм. Нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг байсан 900 гаруй автобус бүгд хуучин байсныг үе шаттай шинэчилж, өнөөдрийн байдлаар 450 гаруй шинэ автобус үйлчилгээнд явж байна. Энэ сард шинэ 150 автобус, ирэх аравдугаар сард 180 орж ирнэ. Улмаар арваннэгдүгээр сард нийтийн тээврийн автобуснуудыг 100 хувь шинэчилж, арванхоёрдугаар сард автобусны тоог 1200-д хүргэнэ.

-Наадамчдын өргөн чөлөөнд хайс, хашлага тавьснаас хойш хэд хэдэн машин осол гаргаж, үүнийг мөргөсөн. Хохирлыг хэрхэн барагдуулж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд гурван байршилд хайс, хашлага эвдсэн. Үүнээс хоёр этгээдийг Тээврийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгаж байна. Нэг үйлдэл дээр хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт хийж байгаа.

-Тээврийн хэрэгслүүдэд цахим гэрчилгээ олгох ажил ямар шатандаа яваа вэ?

-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгох ажил үргэлжилж байна. Хувийн тээврийн хэрэгслийн тухайд Засгийн газраас түр журмыг баталсны дараагаар цахим гэрчилгээг иргэдэд 44 байршлаар тараана. Улаанбаатар хотын хувьд өнгөрсөн жил 161 байршилд дэд бүтцийн ажлуудыг хийж, мөн 442 мянга гаруй цахим гэрчилгээг худалдаад авчихсан байгаа.

-Наадамчдын өргөн чөлөөний замын ачааллыг бууруулах чиглэлээр хоёр байршилд авто зам тавьж байгаа. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-Наадамчдын өргөн чөлөөг ТЭЦ 4-тэй холбох гүүрэн байгууламж арваннэгдүгээр сарын 30-нд ашиглалтад орно. 2.8 км замын үндсэн далангийн ажил, хучилтыг хийж, зорчих хэсгийг нээхээр төлөвлөж байна. Харин “Мишээл” худалдааны төвөөс урагш чиглэсэн замын хучилт дууссан. Хойшоо “Эрэл” компани руу явсан замын тухайд 65 хувьтай, тус компанитай холбоотой 750 метр замын ажил шүүхийн шийдвэрийн дагуу зогсчихоод байна.

Сэтгэгдэлүүд

Дээш