logo
С.Мяндасмаа: Төмөр замын тээврийн тухай хууль шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлнэ

С.Мяндасмаа: Төмөр замын тээврийн тухай хууль шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлнэ

2023/09/15

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэн баталсан билээ. Тиймээс энэхүү хуульд тусгасан онцлог зүйл заалтуудыг иргэдэд таниулахаар ЗТХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга С.Мяндасмаатай ярилцлаа.

-Төмөр замын тээврийн тухай хууль батлагдсан. Хууль хэрэгжүүлж эхлэх хүртэлх бэлтгэл ажил хэр явж байна вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-ын хаврын чуулганаар өнгөрөгч долдугаар сарын 7-нд эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр өмнөх хууль хүчингүй болно. Харин хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө бид бэлтгэл ажлыг хангасан байх ёстой. Шинэ хуульд төмөр замын тээврийн шинэ агентлаг байгуулахаар тусгасан. Энэ агентлагийг байгуулах тухай УИХ-ын тогтоол бас дагалдаж гарсан байгаа. Тогтоолдоо ЗТХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар гэж байгуулахаар тусгасан. Үүний дагуу бид Төмөр замын газрын орон тоо, ерөнхий бүтцийн бүдүүвчийг боловсруулж яамдаас санал аваад энэ сардаа багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. Мөн дараагийн нэн яаралтай хийх ажил бол Төмөр замын тээврийн тухай хуульд зайлшгүй батлахаар заасан дүрэм журмууд бий. Тэдгээр дүрэм журмаа хууль хүчин төгөлдөр мөрдөхөөс өмнө баталсан байх ёстой учраас ажлын хэсгүүдийг долдугаар сарын сүүлчээр байгуулаад ажиллаж байна. Төмөр замын газраа байгуулж, дүрэм журмуудаа батлуулчихвал бэлтгэл ажил хангагдана гэж үзэж байгаа. Гэхдээ бас нэг чухал ажил нь энэ хуулийг хэрэгжиж эхлэхээс өмнө олон нийт, хэрэглэгчдэд хуулиа таниулах нь чухал.

-Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийг татан буулгаад шинээр Төмөр замын газар гэх агентлагийг байгуулах уу. Эсвэл энэ төв агентлагийн харьяанд байх уу?

-Нэмэлт зардал гаргахгүйгээр ГТХЗНТ-ийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн байгуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, хуульд заасан үндсэн шаардлагуудаа тавиад бэлэн байгаа бааз сууриа ашиглах юм. Энэ байгууллагын чиг үүргийг хуулийн хоёрдугаар бүлгийн 10 дугаар зүйлд тодорхой заасан байгаа. Тухайлбал, 10.2.2-т “Төмөр замын техник, технологитой холбоотой журам, аргачлал, горим, заавар, техникийн даалгавар, жагсаалт, загвар батлах”, 10.2.3-т нь “Төмөр замын суурь бүтцүүдийн хооронд дамжуулах ачааны төрөл, хэмжээг тогтоох, хяналт тавих”, 10.2.4-д “Галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмаг болон нэгдсэн технологийн горим батлах, суурь бүтцүүдийн хоорондын галт тэрэгний хөдөлгөөнийг захирамжлан зохицуулах”... гэхчлэн олон зүйлийг тодорхой зааж өгсөн.

-Ер нь энэ хуулийг шинэчлэх болсон шалтгааныг  тайлбарлаж өгнө үү?

-Одоо мөрдөж буй хуулийг 2007 онд баталсан шүү дээ. Хуулийн хэрэгжилтийн явцад өөрчлөх хэрэгцээ шаардлага практикаас гарч ирсэн. Өмнө нь “Улаанбаатар төмөр зам” ХНН гэх ганц хуулийн этгээд байсан шүү дээ. Тэгвэл сүүлийн арав гаруй жилд төмөр замын тээврийн салбарт өмчийн хэлбэр бүхий хуулийн этгээд бий болсон. Хэрэглэгчийн тоо өссөн. Тодруулбал, 2010 оны байдлаар суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нэг байсан бол одоо суурь бүтэц эзэмшигч дөрөв, тээвэрлэгч дөрөв, суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253, дагнасан болон салбар зам, талбайд хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч 250 орчим болж нэмэгдсэн. Тэгэхээр эдгээрийн хооронд үүсэх харилцааг зайлшгүй зохицуулах шаардлага үүссэн. Нэгэнт ийм олон хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч, тээвэрлэгчтэй болсон учраас тэдний тэгш оролцоог хангах зайлшгүй асуудал тулгарсан. Нөгөө талаар төмөр замын шинэ төслүүд хэрэгжиж эхэлсэн шүү дээ. Тэгэхээр зураг төслийг нь хэн хийж, хяналтыг хэн тавих юм, тухайн объектыг хүлээж авахад ямар шаардлага тавьж, ямар баримт бичиг байх ёстой юм гэх зэрэг практик шаардлагууд гарч ирсэн. Хууль зүйн үндэслэлийн хувьд олон хууль шинээр батлагдсан. Тухайлбал, Зөрчлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, гэхчлэн олон эрх зүйн баримт бичиг гарч ирсэн учраас тэдгээртэй Төмөр замын тээврийн тухай хуулийг нийцүүлэх шаардлагатай болсон. Тиймээс бид хуулиа өөрчлөн найруулж, УИХ-аар батлууллаа.  

-Тэгэхээр суурь бүтэц эзэмшигчид, тээвэрлэгчдийн хоорондын харилцааг зохицуулах заалт одоо хэрэгжиж буй хуульд байхгүй учир ёстой өөр өөрийнхөө дураар л явж байсан гэсэн үг үү?

-Тийм, өөр өөрийнхөөрөө л явж ирсэн. Хэн нэгнийг хязгаарладаг ч юм уу, эсвэл хэн нэгэнд давуу эрх олгодог. Үүнийг зохицуулах хууль байхгүй учраас яалт ч үгүй гэрээ байгуулж, түүндээ нэг тал нь давуу эрх эдлээд байсан. Тиймээс төмөр замын тээвэрт оролцож буй байгууллагууд бүгд тэгш эрхтэй байх заалтыг шинэ хуульд тусгалаа. Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээнд тавигдах шаардлага гэдгийг бид оруулсан. Энэ нь, суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгчид галт тэрэг харилцан чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг тусгасан гэрээг байгуулсан байх гэж заасан. Өөрөөр хэлбэл, хэн нэгэнд давуу эрх олгож, нэгэнд нь хязгаар тавихгүй гэсэн үг. Дэд бүтцүүд хоорондоо огтлолцох тохиолдолд галт тэрэг харилцан чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээ үзүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзах, гэрээ байгуулахаас зайлсхийхийг хориглоно. Харин тухайн замынх нь хүчин чадал муу, эсвэл зам дээр нь осол гологдол гарсан, нэг бол засварлаж байгаа бол татгалзаж болно. Бусдад давуу байдал олгох, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд саад учруулах, өрсөлдөөнийг хязгаарлах зэргийг хориглоно. Энэ бол хамгийн чухал заалт гэж хэлж болно.

 Мөн суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нь тусдаа хуулийн этгээд байна гэж тусгасан. Ингэснээр тээвэрлэгч нар тэгш оролцох боломж нь бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Харин УБТЗ ХНН аль алиныг нь эзэмшдэг. Гэхдээ хуульд зааснаас өөрөөр бол олон улсын гэрээгээ дагаж мөрдөнө гэж заасан байгаа.

Бид хуулийн шинэчилсэн найруулгын төслөө боловсруулахдаа Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хэлэлцүүлэг хийж, төр, хувийн хэвшлийн төмөр замын байгууллага, мэргэжилтнүүд рүү албан бичиг явуулж санал авсан. Саналуудаа заавал ямар үр дүн, үр дагавартай юм гэдгийг нь давхар бичүүлж авсан. Үүнд төмөр замын нийт байгууллагууд идэвхтэй оролцсон. Өртөө, зөрлөгүүдээр нэг бүрчлэн явж санал хүсэлтийг нь авч, хэлэлцүүлэн тусгасан учраас нэлээд сайн хууль боллоо гэж үзэж байгаа. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр одоо мөрдөж буй хууль хүчингүй болно.

-Та шинэ хуульд тусгасан өөр шинэлэг, онцлог зүйл заалтуудаас танилцуулна уу?

-Төмөр замын тээврийн тухай хуульд хэд хэдэн онцлог зүйл заалт орсон. Тухайлбал, төмөр замын суурь бүтцийн өмчлөл, эзэмших талаар нэлээд тодорхой заасан. Нийтийн төмөр зам нь төрийн өмчийн буюу төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдэд байна. Ингэхдээ улсын хил дамнасан, хилийн боомт чиглэсэн төмөр зам нь нийтийн төмөр замд хамаарна. Өөрөөр хэлбэл, энэ төмөр замыг хувийн өмчийн хуулийн этгээд эзэмшихгүй. Бусад улс оронд ч ийм байдаг юм билээ. Харин энэ төмөр замын өмчлөгч нь нэг хуулийн этгээд байна. Тээвэрлэгч, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч тусдаа хуулийн этгээд байхгүй гэсэн үг. Төмөр замын суурь бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тохиолдолд суурь бүтцийн өмчлөлийг шилжүүлэх, хугацаа, түншлэлийг хэрхэн тавих нөхцөлүүдээ гэрээнд тусгаж өгөөд, тэр концессын хугацаандаа суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь тээвэрлэгчийн үйл ажиллагаа эрхэлж болно. Өөрөөр хэлбэл, 400-аад км төмөр зам бариад ирэнгүүт яг ашигтай хэсэгт нь өөр хуулийн этгээд төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулах ч юм уу, хязгаар тавихгүй. Тэр хүн зардлаа гаргасан л бол тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж болно гэсэн зохицуулалтыг оруулсан.

 Дээр нь төмөр замын зураг төслүүдтэй холбоотой чухал зүйл заалтууд орсон. Өөрөөр хэлбэл, энэ зураг төслийг хэн хийх юм гэхчлэн. Зураг төсөлтэй холбоотойгоор хяналт тавих субъектийг нь оруулсан. Төмөр замыг барихдаа зүгээр нэг хэдэн хүн шийдэхгүй, төмөр замын сүлжээ гэдэг юмыг зохицуулж өгсөн. Сүлжээ гэдэг нь цаашид хаашаа яаж төмөр зам тавьж, хэрхэн хөгжих юм гэдгийг хуулиар зохицуулна. Ингэхдээ төмөр замын сүлжээнд дараах хүчин зүйлийг харгалзана. Нийгэм эдийн засаг, бүс нутгийн хөгжлийн бодлогыг харгалзана. Үнэхээр тэр бүс нутагт төмөр зам тавьснаар нийгэм эдийн засагт ач холбогдолтой юм уу. Дараа нь хүн амын суурьшил, ирээдүйн хөгжлийг харна. Ирээдүйд ямар ч хүн суурьшихааргүй бол болохгүй шүү дээ. Гэхдээ цаашид бид тухайн бүс нутагт хүн амын суурьшил бий болгоё гэвэл тэр төлөвлөлтөө гаргаад ирж болно. Үүний дараа ашигт малтмалын орд газрын байршил, нөөц ашиглах боломжийг харна. Дээр нь олон улсын болон хил орчмын нутагтай хамтын ажиллагаа нь ямар байх юм. Төмөр зам тавьснаар үнэхээр хөгжихөөр бол бид төмөр замын сүлжээнд оруулна гэсэн үг. Энэ мэтчилэн төмөр замын сүлжээ, түүнд тавигдах шаардлагаа хуульд оруулсан.

Мөн дээр дурдсан Төмөр замын агентлагийнхаа чиг үүргийг тодорхой тусгасан байгаа.

-Орон нутгийн засаг захиргаа тухайн төмөр замыг барихад, ашиглахад хэрхэн оролцох, хамтран ажиллахыг тусгасан байх?

-Тиймээ, хэрвээ тухайн бүс нутагт төмөр зам төрийн бодлогоор тавьж буй тохиолдолд байгалийн баялаг, ашигт малтмалаа ашиглуулах. Магадгүй төмөр зам дээр гологдол, осол аваар гарсан тохиолдолд яаж туслах юм. Төмөр замын орчны аюулгүй байдлыг хангахад хэрхэн хамтарч ажиллах юм гэхчлэн орон нутгийн засаг захиргааны чиг үүргийг тусгасан.

-Ингэхэд шинэ хууль маань хэдэн бүлэг, хэдэн зүйлтэй вэ?

-Хуучин хууль найман бүлэг, 34 зүйлтэй байсан. Ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих шинэ хууль маань 11 бүлэг, 43 зүйлтэй болсон.

-Төмөр зам барих зардал мөнгөнд хяналт тавихтай холбоотой зүйл заалт байгаа болов уу?

-Төмөр замын сүлжээ, суурь бүтцийн бүтээн байгуулалтын талаар хуулийн тавдугаар бүлэгт тусгасан байгаа. Энд төмөр замын төслүүд хэрхэн яаж хэрэгжих, суурь бүтэц барих, засварлахад ямар шаардлага тавих юм гэдгийг тодорхой заасан. ТЭЗҮ заавал байх ёстой шүү дээ. Геологийн дүгнэлт, ус зүйн судалгаа, геодези хэмжилтийн тайлан, археологи, палентлогийн судалгаа, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ судалгаа, инженерийн тооцоо, нарийвчилсан зураг төсөл, техникийн шаардлага зэргээс бүрдэнэ. Төмөр замын суурь бүтцийн зураг төслийн Монгол Улсын эрх бүхий хуулийн этгээдээр магадлуулсан байна. Зургийн шаардлага хангасан байна уу, төсөв нь уялдаж байна уу, хэт өндөр, эсвэл хэт бага байна уу гэдгийг магадлалаар оруулсан байх шаардлага тавьсан. Үүнтэй холбоотой бас шинэ журмаар нарийвчлан зохицуулна. Тэгэхээр журам батална.

-Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хаврын чуулганаар хэлэлцүүлэхэд нь сонсож байлаа. Тэгэхэд төмөр зам барих эрхийг хэн олгох тухай нарийн заалтууд орсон гэж хуулийн төслийн ахлагч хэлж байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Зөв асуулт байна. Төмөр зам барих эрхийг ямар тохиолдолд хэн олгох вэ гэдгийг шинэ хуульд тодорхой заасан. Тодруулбал, Хилийн тухай хуулийн 26.1-д заасны дагуу Засгийн газар нь хилийн зурваст төмөр замын суурь бүтэц барихтай холбоотой асуудлыг шийдвэрлэнэ. Мөн үйлдвэрлэлийн зориулалттай төмөр замын чиглэлийг тогтоох эрхтэй. Үйлдвэрлэлийн гэхээр жишээ нь “Оюутолгой” компани өөрийн үйлдвэрлэлд ашиглах төмөр зам барья гэвэл ямар чиглэлээр, яаж барихыг Засгийн газар шийдвэрлэнэ. Үүнд аль нэгэн аж ахуйн нэгж ч өөрийн үйлдвэрлэлийн хэрэгцээнд зам барих нь хамаарна.

  Харин нийтийн төмөр замын чиглэл, царигийн асуудлыг УИХ тогтооно.

-ЗТХЯ ямар эрх олгох вэ?

-Төмөр замын суурь бүтэц, салбар замын барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулахтай холбоотой ажлыг зохион байгуулах эрх нь ЗТХЯ-нд байгаа. Өмнөх хуульд барилгын ажил эхлүүлэх зохицуулалт байгаагүй учир бид Барилгын тухай хуулийг даган мөрдөж байсан юм. Харин шинэ хуульдаа бид энэ зохицуулалтаа төмөр зам гэж тодорхой заагаад салгаж оруулсан.

-Тарифтай холбоотой шинэлэг ямар заалт тусгав?

-Өмнөх хуульд ч тарифтай холбоотой зүйл заалт байгаа. Одоо харин орон тооны бус тарифын зөвлөл байна гэж тусгасан. Энэ зөвлөл нь үнэхээр тарифыг нэмэх шаардлагатай юм уу, үгүй юу гэдэг дээр дүгнэлт, зөвлөмж гаргана. Зөвлөлийн ажиллах дүрмийг төмөр замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Дарга, гишүүнийг төмөр замын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Төрийн захиргааны байгууллагын дарга томилно гэж байгаа. Өөрөөр хэлбэл, агентлагийн дарга томилно. Энэ зөвлөлд зөвхөн нарийн бичгийн дарга нь орон тооных байх  юм. Бүрэлдэхүүнд нь Эдийн засаг хөгжлийн төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ШӨХТГ, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдийн төлөөллөөс оролцуулсан таван хүн байна. Харин төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэх тээвэрлэгч, салбар зам эзэмшигч нь өөрөө тарифаа тогтооно. Тариф тогтоох аргачлалыг салбарын сайд батална. Тогтоосон тарифаа хэрэв нэмэх шаардлагатай гэж үзвэл Тарифын зөвлөлд хүсэлтээ тавина гэсэн үг.

-Төмөр замчид нийгмийн чиглэлээр ямар давуу зүйл заалтууд орсон бол гэдгийг их сонирхож байгаа. Энэ талаар?

-Энэ бол маш чухал зүйл заалтуудын нэг. Хуучин буюу одоо мөрдөж буй хуульд төмөр замын байгууллагад тасралтгүйгээр эрэгтэй 25, эмэгтэй 20 жил ажилласан бол зургаан сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно гэж заасан байдаг. Энэ “тасралтгүй” гэдэг үг хүмүүсийн боломжид асар их хязгаар болоод байсан. Амьдрал баялаг шүү дээ. Тухайн ажилтан чөлөө авдаг, хүүхдээ асардаг ч юм уу, ямар нэгэн шалтгаанаар ажлаас гараад эргээд ороход дээрх тэтгэмжийг авч чадахгүй нөхцөл байдал үүсдэг байсан. Үүнийг хуулийн хэлэлцүүлэг хийхэд бараг төмөр замчин бүр ярьсан учраас “тасралтгүй” гэдэг үгийг авсан. Үнэхээр тэр хүнд амьдралын ямар ч шалтгаанаар чөлөө аваад эргэж орсон ч нийт ажилласан жил нь 20 жил хүрч л байвал тэтгэмжээ авах хэрэгтэй шүү дээ. Тэгээд зургаан сарын дундаж гэж байсныг 10-аас доошгүй сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж авна гэж заасан. Харин хуулийн энэ заалтыг Хамтын гэрээгээрээ илүү таатай нөхцөлөөр шийдвэрлэх эрх нь нээлттэй.

-Энэ тэтгэмжийг хэн гаргах вэ?

-Яг үнэн, энэ зардлыг хэн гаргах вэ гэдгийг шинэ хуульд тодорхой тусгаж өгсөн. Зөвхөн ийм тэтгэмж олгоно гээд орхичихвол төр өгөх юм уу, хувийн хэвшил нь юм уу тодорхойгүй болно. Өмнөх хуульд ийм тодорхойгүй байсан шүү дээ. Харин одоо бол тухайн ажил олгогч энэ зардлыг гаргана гэж тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, тухайн төмөр замын байгууллагын үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүчин зүтгэж, хүнд хүчир ажил эрхэлж буй хүмүүсийнхээ тогтвортой байдлыг хангах үүднээс нэгдүгээрт “тасралтгүй” гэдэг үгийг хасаж, хоёрдугаарт олгох тэтгэмжийг нь хэн олгохыг тодорхой болгож, хэмжээг нэмж өглөө.

-Шинэ хуулийн талаар дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье!

Эх сурвалж: ЗТХЯ

Сэтгэгдэлүүд

Дээш