logo
“Админерал” ХХК-ийн дэд захирал Ц.Ламжав: Миний бизнест ямар ч худал хуурмаг зүйл, бохир заваан хуйвалдаан байхгүй гэдгийг би бардам хэлж чадна

“Админерал” ХХК-ийн дэд захирал Ц.Ламжав: Миний бизнест ямар ч худал хуурмаг зүйл, бохир заваан хуйвалдаан байхгүй гэдгийг би бардам хэлж чадна

2023/10/04

“Тавантолгойн” орд, “Бортээг”-ийн уурхайг түшиглэн, жилдээ таван сая тонн түүхий нүүрс баяжуулах үйлдвэрийг “Админерал” ХХК барьж ашиглалтад оруулж байна. Монголдоо анхны, хамгийн том хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэрийг барьж байгуулж байгаа “Админерал” ХХК-ийн дэд захирал Ц.Ламжавтай ярилцлаа.

-Монголд түүхий эдээ боловсруулж, үнэ өртөг нэмэх талаар их ярьдаг ч бодитой ажил болгох нь бага. Нүүрс баяжуулна гэдэг нь юу юм бэ, хуурай арга нь ямар давуу талтай вэ?

-Баяжуулах гэдэг нь нүүрсний чанарыг нь сайжруулахын тулд хийх технологийн анхан шатны боловсруулалт юм. Нүүрсээ баяжуулснаар органик бус болон механик хольцыг нь цэвэрлэн таваарын илчлэгийг нь өсгөж, үнслэгийг нь бууруулдаг. Дэлхийд үндсэндээ хуурай, нойтон, нунтаглах гэсэн гурван аргаар нүүрс баяжуулж байна. Манай компани 2018 оноос Герман, Хятадын судалгааны томоохон байгууллага, компаниудтай хамтран, хуурай аргаар нүүрс баяжуулах технологи нэвтрүүлэх туршилт судалгаа хийсэн

Үр дүнд нь шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлж байгаа. Хуурай арга нь байгаль орчинд нэн ээлтэй. Говьд ус маш ховор. Ус, тэр дундаа говьд ус үнэлж баршгүй үнэ цэнтэй учраас хуурай арга нь байгаль орчиндоо нэн ээлтэй, дэвшилтэт технологи.

-“Админерал”ХХК-ийн талаарх нэг биш сөрөг сэдвийг нэлээн зохион байгуулалттайгаар босгоод байна. Жишээ нь, танайхыг Хятад компани гэж тодорхойлохыг оролддог. Нууц биш бол хувь эзэмшигчдээ нэрлэх үү?

-Нууж хаагаад байх зүйл байхгүй л дээ. Улсын бүртгэлийн мэдээлэлд ил тод байгаа. Монголын “Моновант” ХХК, БНХАУ-ын “Quzhou Longyuan Trading Co.,Ltd”, Хонконг-ийн “Хонконг Руйшен Глобал Групп” ХХК хамтран “Админерал” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Монгол гадаадын хамтарсан компани гэдгийг бүртгэлийн сайтаас нээлттэй харж болно. Манайх Монголд анх удаа x-ray рентген туяа ашиглан, нүүрс ангилан ялгадаг, байгальд ээлтэй, бүрэн автомат үйлдвэр. Маш энгийнээр тайлбарлах юм бол рентген туяагаар нүүрсний бүтцийг нь сканердаж байгаа юм шиг хараад физик шинж чанараар нь ялгаж, хуурай аргаар баяжуулдаг үйлдвэр юм. Говьд эхний уурхайнууд ашиглалтад ороод 20-30 жил болчихлоо. 200-300 метрийн гүнээс олборлолт хийгээд эхэлчихсэн. Гэтэл одоо хүртэл ус гарч ирэхгүй л байна. Тэнд ойрын хэдэн зуун метрт ус байхгүй гэдэг нь тодорхой болсон. Уг нь уул уурхайн салбарын хөгжил маань 100 жилээр тоологдох түүхтэй ч аравхан жилийн өмнөөс л Монголчууд нүүрсээ нойтноор баяжуулж эхэлсэн. Гэвч Монголын говь шиг ус ховор газарт нойтон аргаар их хэмжээний нүүрс баяжуулах боломж маш муу, хязгаарлагдмал байна. Тиймээс хуурайгаар нүүрс баяжуулах аргыг бид Монголдоо нэвтрүүлэхээр шийдсэн.

-“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн төсөл хариуцсан Ерөнхий инженер байсан Ц.Төмөрсүх гэж хүн “Админерал” компанийн талаар ноцтой мэдээлэл хийсэн байдаг. Танай компани үнэхээр уурхайд 351.501 га газар эзэмшдэг нь үнэн юм уу?

-Ингээд худлаа яриад байгаа юм. Тэр хүн ажлаасаа халагдсан өдрөө хэвлэлийн бага хурал хийсэн юм билээ. Маргааш нь” Эрдэнэс тавантолгой” ХК-иас “Өөрийн эзэмшлийн газраасаа гадны компанид зарсан гэдэг нь худлаа. Ц.Төмөрсүх эрхэлж буй ажил мэргэжилдээ тэнцэхгүй нь нотлогдсон тул хуулийн дагуу ажлаас чөлөөлөх мэдэгдлийг 30 хоногийн өмнө өгсөн” гэж албан ёсны мэдэгдэл гаргасан байна лээ. Ажлаасаа халагдсандаа юм уу, дарга нартаа уурлаж бухимдсандаа “Тавантолгойн” 351 мянган га газрыг Хятадуудад зарчихлаа гэж худлаа ярьсан юм шиг байгаа юм. Энд нэг зүйлийг зориуд тайлбарлаж хэлэх ёстой байх. Бортээгийн уурхайг нээж ашиглах ТЭЗҮ нь 2020 оны нэгдүгээр сард батлагдсан юм билээ. Тэр ТЭЗҮ-ээр Бортээгийн уурхайн нүүрс нь үнслэг ихтэй, дийлэнх нь сул коксжих болон эрчим хүчний нүүрс учраас хуурай аргаар баяжуулж эдийн засгийн эргэлтэд оруулах нь үр ашигтай гэж үзсэн юм билээ. Өмнө нь хоёр удаа тендер зарлаж байсан боловч амжилтгүй болж байсан гэдэг. Манай компани 2021 онд гурав дахь удаагаа тендер зарлахад нь бусад компаниудтай түншлэл болж оролцсон. Үйлдвэр барих газрын асуудал 2022 оны гуравдугаар сард шийдэгдсэн. Бортээгт хаягдлын овоолгын дэргэд таван жилийн хугацаанд 35 га газар ашиглах эрх олгосон. Үүн дээр нь бид үйлдвэрээ барьж байна. “Админерал” ХХК гадаадын хөрөнгө оруулалттай тул Монгол Улсын хуулиар газар өмчлөх, эзэмших эрхгүй, тодорхой зориулалт, хугацаагаар зөвхөн ашиглах л эрхтэй. Хуулийн дагуу 35 га газрыг таван жилийн хугацаагаар үйлдвэр барих зорилгоор ашиглах гэрээтэй юм. Гэтэл 351 мянган га газар авч, нүүрс ухаж байна гэж худал мэдээлэл тарааж, гүтгэсэн. Ер нь 351 мянган га газар гэдэг чинь бүхэл бүтэн нэг сумын нутаг. Гүтгэлээ гүтгэлээ гэхэд ядаж жаахан баримжаатай гүтгээч гэж хэлье.

-МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд та хоёр төрсөн ах дүүс. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн улс төрийн нөлөө орж, энэ үйлдвэрийг барьж байгаа юм биш үү?

-Тэр цацагдаад байгаа мэдээлэлд байсан ганц үнэн зүйл нь Ц.Чулуунзагд бид хоёрын төрсөн ах дүүс гэдэг л байна лээ. Бусад нь бүгд оргүй худал. Би амьдралдаа нэг ч удаа Д.Амарбаясгалан гэдэг хүнтэй нүүр тулан уулзаж, ярьж үзээгүй. Би улс төр сонирхдоггүй, аль нэг намын ажилд оролцдоггүй. Би жирийн нэг бизнес эрхлэгч хүн. Баяжуулах үйлдвэрийн төсөлд Д.Амарбаясгалан гэдэг хүний оролцоо, нөлөөлөл байхгүй гэдгийг би хариуцлагатайгаар хэлье. Миний дүү МАН-д ажилладаг учраас Д.Амарбаясгалан гэдэг хүнийг надтай холбоод байх шиг байна. Та сурвалжлагч хүн. Таны төрсөн ах ямар нэг бизнес хийвэл тэр нь танай сонины эрхлэгчтэй холбоотой, хамааралтай байх ёстой юу Бодоод үз дээ. Дүү нь намд ажилладаг гээд ах нь үйлдвэр барьж болохгүй юм уу? Үйлдвэр нь эх орны баялгийг үнэтэй болгож, эх орны хөрс шороог хамгаалах нь хамаагүй юм уу? Би 30 гаруй жил бизнес хийсэн хүн. Ц.Чулуунзагдыг бага ангийн сурагч байхад л бусдын адил гахай үүрч, ганзаганд явж бизнест хөл тавьсан. Гадна дотны олон хамтрагчид надад бий. Герман хамтрагч, найзууд маань танай улс нүүрсээ түүхийгээр зарж олох боломжтой ашгаа Хятадуудад алдаж байна. Монгол Улс өндөр технологи нэвтрүүлж тэр алдаж байгаа ашгаас нь хүртэх хэрэгтэй. Тэр хүн “Ламжав аа, цар тахлын нөхцөл байдал хүнд байна. Танай Монголд юу л байна, нүүрс байна. Европчууд цэвэр ногоон эрчим хүч ярьж байгаа. Нүүрсэнд хөрөнгө оруулалт хийхгүй. Харин Хятадын бизнес эрхлэгчид бол нүүрсэнд хөрөнгө оруулна. Би холбож өгье гэсэн. Германы Зиммерманн гээд нүүрсний шинжлэх ухааны том доктортой ч танилцуулсан. Энэ эрдэмтнээр дамжуулан Германы хамгийн том, дэлхийн хэмжээний сортинг буюу ангилан ялгалтын технологи хөгжүүлэгч, үйлдвэрлэгч “Tomra” компанитай холбогдсон. Хог хаягдал, төмс будаанаас эхлээд алмазыг хүртэл ангилан ялгадаг дэлхийн хэмжээний корпораци. Ингээд 2018 оноос эхлэн Монгол, Герман, Хятадын эрдэмтэдтэй хамтран Монголын үнслэг ихтэй нүүрсийг баяжуулан эдийн засгийн эргэлтэд оруулах, хуурай аргаар баяжуулах технологийг нэвтрүүлэх судалгааны ажил хийсэн. Хятад руу дээж явуулах, судалгааны ажил хийх гээд маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулсан. Үйлдвэрийн төслөө бэлэн болгоод бизнесийн хамтрагч Өмнөд Монголын иргэн, Германы Боннын их сургуулийн доктор Хасбаатараар дамжуулан хөрөнгө оруулагчидтай уулзаж, хамтарч ажиллахаар болсон. Ингээд үйлдвэр барих газраа авахаар Өмнөговь аймгийн удирдлага, Цогтцэций сумынхантай ч уулзсан. Тухайн үед Бортээгийн төсөл дээр ажиллахаар, сонирхон судалгаа хийж байсан бизнесийн залуучуудтай танилцсан юм. Тэд “Бортээг”-ийн уурхайн тендер хэд хэдэн удаа бүтэлгүйтсэн. Танай төсөл хэрэгжих магадлал өндөр, хөрөнгө оруулагч нь бэлэн юм байна. Энэ тендерт хамтарч оролцож үзье гэдэг санал тавьсан. Хамгийн сүүлд гурав дахь удаагаа тендер зарлахад нь бид оролцсон. Хөрөнгө мөнгө их шаардана, бизнесийн ашиг муутай гэж үзсэн юм уу, өөр компаниуд оролцоогүй. Бид харин зориглоод оролцсон. Энэ тендерт оролцоход, ялахад хэн нэг хүн нөлөөлөх ямар ч шаардлага байгаагүй. Хэн нэгний дэмжлэг биш байгальд ээлтэй, дэвшилтэт технологи, гадаад, дотоодын компаниудын хөрөнгө оруулалт бидний давуу тал, тулах хүч болсон. Тендерт оролцоод үйлдвэр барих газар л заалгаж авсан. Улсаас ямар нэг хөрөнгө мөнгөний дэмжлэг аваагүй, “Хөгжлийн банк”-наас зээл аваагүй. Хөрөнгө оруулагчидтайгаа хамтраад 100 хувь, хувийн хөрөнгө оруулалтаар үйлдвэрээ барьж байна. Яг үйлдвэрээ барих гэтэл цар тахлаас шалтгаалан хил бүрэн нээгдээгүй, барилгын материал, тээврийн зардлын үнэ өсөж эхэлсэн. Үйлдвэр маань бүрэн автомат үйлдвэр. Маш нарийн тоног төхөөрөмж суурилуулах, тохиргоо хийх шаардлагатай. Барилгын ажилд оролцох гадаад мэргэжилтнүүдийг авчрах гээд асар их асуудал үүссэн. Нэгэнт хөрөнгө оруулалтаа хийчихсэн, гадны түншүүдтэй учраас хүндрэл бэрхшээлийг бид өөрсдийн хүчээр давах шаардлагатай болсон. Гэтэл хэл ам, элдэв улс төржилт салахгүй дагах юм. Би 30 гаруй жил бизнес хийж байгаа хүн. Цар хүрээтэй бизнес хийе, найдвартай түнштэй болъё л гэж бодож байвал өөрөө л итгэл даахуйц хүн байх ёстой гэдгийг би сайн мэднэ. Би хэн нэгний араар орж нуугдаж суугаад энэ ажлыг хийгээгүй. Бүх мэдээллээ ил тод гаргаж тавиад, өөрийнхөө хөрөнгө, нэр төр, бүх зүйлээ дэнчин тавиад хөрөнгө оруулагчидтай уулзсан. Ажлаа эхлүүлсэн. Бидний ажилд ямар ч худал хуурмаг зүйл, бохир хуйвалдаан байхгүй гэдгийг би бардам хэлж чадна. Үнэхээр хэн нэгэнтэй үгсэж хуйвалдсан, ядаж л том дарга нарын хөрөнгө мөнгө, оролцоо энэ компанид байсан бол би ингэж ил тод гарч ирж бизнес хийхгүй л байсан шүү дээ. Хэрвээ энэ бизнест Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагдын оролцоо, нөлөөлөл байсан бол, би үнэхээр бохир бизнесмен байсан бол бүхий л мэдээллээ нууцалж, аль болох далдаас энэ бизнесийг хийх байсан байх л даа.

-Танай компанийг нүүрс баяжуулдаг бус нүүрс тээвэрлэдэг, нүүрсний наймаа хийдэг компани гэж зарим нэг хэвлэлд бичигдсэн. “Админерал” ХХК Хятад руу 47 мянган тн нүүрсийг зөөсөн үү?

-“Админерал” ХХК нүүрс ухдаггүй, зөөдөггүй. Манай компани нэг ч кг нүүрсний гэрээ байгуулж байгаагүй. “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн бүх үйл ажиллагаа шилэн, ил тод болсон. Хэн хэдэн кг нүүрс тээвэрлэж буйг вэб сайтаас нь хүссэн хүн шууд үздэг, алган дээрээ тавьсан юм шиг хардаг болсон байна лээ шүү дээ. Та тэндээс харж болно. Манай хөрөнгө оруулагчаар хамтарч ажилладаг хоёр компани Хятадад байдаг нүүрс баяжуулах үйлдвэрт туршилт хийх зорилгоор тус бүр зуун мянган тонн нүүрс авах гэрээ байгуулж, тус бүр хоёр сая гурван зуун мянган ам.долларын урьдчилгаа төлсөн юм билээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК нэг сарын дотор нүүрсийг нь ачуулна гэсэн ч ачуулахгүй жил орчим болсны эцэст 40 гаруй мянган тонныг өгсөн гэсэн. Одоо ч үлдэгдэл нүүрсээ авч чадаагүй гэсэн мэдээлэлтэй байна. Барьцааны 100 мянган доллар нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д байгаа гэсэн. Манай хөрөнгө оруулагчаар хамтран ажиллаж байгаа хоёр компанийн үйл ажиллагаа бидний хамтын ажиллагаанаас тусдаа бизнес болохоор би бүх нарийн ширийнийг нь сайн мэдэхгүй. Энэ талаар “Эрдэнэс таван толгой” ХК-аас тодруулсан нь дээр болов уу.

-Тэгвэл “Админерал” ХХК-ийг Д.Амарбаясгалантай холбох, улмаар нэр дурдагдаад байгаа хүмүүсийг нүүрсчин болгох ашиг сонирхол хэнд байж болох уу?

-Дотоод, гадаад олон хүчин зүйл нөлөөлж байгаа байх. Өнгөрсөн жил Засгийн газар “Эрдэнэс тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Нүүрсний гэрээнүүдийг ил болгож, биржээр зардаг болсон. Нүүрс тээврийн компаниудаас эхлээд эрх бүхий өндөр албан тушаалтнууд, олон хүн нүүрсний хэрэгт холбогдон шалгагдаж байна. Нүүрснээс сул ашиг олдог байсан олон хүний орлого хаагдсан. Үүнээс гадна Монголын нүүрсийг хямд аваад цааш нь дамлаж зардаг, хил гаргаад баяжуулж ашиг олдог олон үйлдвэр бий. Зөвхөн Өмнөд Монголын Баяннуурт гэхэд л 2018 оны байдлаар нүүрс баяжуулах 30 гаруй үйлдвэр ажилладаг. Монголын хил давж орж ирсэн түүхий нүүрсийг авч баяжуулж ашиг олдог. Тэгэхээр нүүрснээс олдог ашиг орлого нь буураад байгаа хүмүүс л Д.Амарбаясгаланг нүүрстэй холбох сонирхолтой байгаа байх. Гэхдээ үүний золиос нь бид болж хувираад байна. Одоо чинь бүх мэдээлэл нээлттэй болсон. Монголын тухай Хятадын “WeChat” дээр элдэв сөрөг янз бүрийн мэдээлэл ороод ирдэг. Өнөөх мэдээллийг уншсан хөрөнгө оруулагчдадаа тайлбарлах, ярих шаардлагатай болж байна. Их л олон асуудлыг давж байж үйлдвэрээ босгож байна даа. Ер нь Монгол Улсыг улстөржилт хөгжүүлэх үү боловсруулах үйлдвэр барьж байж хөгжүүлэх үү гэдгийг бодох л асуудал. Түүхий эдээ түүхийгээр нь хямдхан гаргадаг түүхийг өөрчлөхөд хэн дургүй байна вэ? Бодох асуудал мөн биз дээ.

-Одоогоор төслийн явц хэр байна? танай үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ?

-“Эрдэнэс тавантолгой” ХК -аас үйлдвэр барих газрыг зааж өгсөн. Нүүрсний хаягдлаа овоолдог, эзэнгүй хоосон талбайг анх хараад хөрөнгө оруулагчид үнэхээр сэтгэлээр унасан. Тэд анх төсөлтэй танилцаж байхдаа “Том нүүрсний уурхайн ойролцоо сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжтэй үйлдвэр барина. Үйлдвэрийн материалаа авч барилгаа бариад, техник тоног төхөөрөмжөө суурилуулаад л болоо” гэсэн бодолтой байсан юм билээ. Гэтэл эзгүй хоосон газар л угтсан. Бүх зүйлийг бид тэгээс эхэлж босгосон. Анх хоёр төмөр чингэлэг тавиад л ажлаа эхлүүлж байлаа. Үйлдвэр барихын тулд эхлээд эрчим хүчнийхээ асуудлыг шийдэх хэрэгтэй болж, 21 км-ын цаанаас цахилгаанаа татаж, дэд станц байгуулсан. Үйлдвэр маань нүүрс хүлээн авч бутлах, шигшин бүхэллэгээр нь ангилах, x-ray баяжуулалт, FX агаараар баяжуулалт, удирдлагын нэгдсэн төв, засварын цех, лаборатори гэсэн үндсэн цехүүдтэй. Түүхий нүүрсийг 200мм-ээс доош болгон бутлан, шигшиж 50 мм хүртэл, 50-100 мм, 100-200 мм-ийн бүхэллэгээр ангилна. 50мм-с бага бүхэллэг нүүрсийг FX-150 маркын агаараар баяжуулах шугамаар, 50-200мм бүхэллэгтэй нүүрсийг X-ray рентген туяа ашиглан баяжуулна. Нүүрсийг цэвэр нүүрс, завсрын бүтээгдэхүүн, хаягдал гэж ялгаад хаягдлыг хаягдлын овоолго руу тээвэрлэнэ. Цэвэр нүүрсийг давхар шигшүүрээр шигшээд агуулах руу ачна. Дундын бүтээгдэхүүнийг мөн ялгаж агуулахад хүргэнэ. Үйлдвэр нь бүрэн автомат бөгөөд үйлдвэрийн гол тархи болсон удирдлагын төвөөс удирдана. Нүүрс баяжуулахдаа хиймэл оюун ухаан ашиглаж байгаа. Тавантолгойн нүүрсний үндсэн физик химийн шинж чанарт тусгайлан тохируулсан алгоритмаар X-ray төхөөрөмж ажилладаг. X-ray төхөөрөмжийн хиймэл оюун ухааны технологи нь үйлдвэр ажиллах үед цуглуулсан өгөгдөлд үндэслэн алгоритмаа өөрөө сайжруулж автоматаар тохируулга хийдэг. Үйлдвэр энэ сарын сүүлээр ашиглалтад орно. Цар тахал хил, гааль гээд олон зүйлээс шалтгаалсан хүндрэл бэрхшээл бидэнд тулгарсан. Энэ бэрхшээлүүдийг даваад гараад иртэл хэл ам босож, улстөржүүлж, янз бүрийн хэрэгт холбож, ор үндэсгүй гүтгэж байна. Монгол хүн Монголын баялгаа илүү үнэтэй цэнтэй, илүү үр өгөөжтэй болгож яагаад болдоггүй юм бэ? Зөвхөн нүүрс ч биш цахилгаан станц, газрын тос гээд олон салбарт монголчууд Монголдоо бүтээх санаачилгыг нураадаг. Гадаадын хөрөнгө оруулагч татъя гэж улс орноороо л яриад байгаа биз дээ. Залж авчраад, заамдаад буцаагаад байвал Монголд хэн итгэх вэ? Итгэхгүй эх орондоо хөрөнгө оруулахгүй, хөрөнгө оруулахгүй бол хөгжил дэвшил гэдэг зүгээр л мөрөөдөл болж үлдэнэ шүү дээ.

-“Админерал” ХХК-ийн нэвтрүүлж байгаа шинэ технологи, үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсад ямар үр өгөөж өгөх вэ? Нууц биш бол хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа вэ?

-Дээр хэлсэнчлэн манай компанийн бүх үйл ажиллагаа ил тод нээлттэй, олон улсын хөрөнгө оруулалттай компани. Нууц юм гэж байхгүй. ТЭЗҮ-ээр нийтдээ 53 орчим сая долларын өртөгтэй төсөл. Манай компани Монголын дотоодын банкнаас зээл аваагүй,Хөгжлийн банктай холбогдоогүй. Гадны хүмүүс хөлс хүчээ зориулж цуглуулсан хөрөнгөөрөө бидэнд, Монгол Улсад итгээд хөрөнгө оруулж байхад итгэлийг нь алдалгүй зорьсондоо хүрч, ажлаа хийх үүрэг надад оногдож байна. Төр засгаас гадаадын хөрөнгө оруулагчдыг яаж татах вэ гэж санаа тавьж буй өнөө үед олоод ирсэн хөрөнгө оруулалтыг алдаа мадаггүй хэрэгжүүлж дуусгах нь бизнес эрхлэгч миний хувьд маш том хариуцлага юм. Одоогоор бид нэг доллар, нэг центийн орлого олж эхлээгүй. Үйлдвэр барьж эхэлснээс хойш 5 тэрбум гаруй төгрөгийг гаалийн болон бусад татварт төлсөн. Мөн 10 гаруй тэрбум төгрөгийг туслан гүйцэтгэгч компаниудад өгөөд байна. Үйлдвэр ашиглалтад орохоор эхний жил нэг сая тонн, дараагийн жил хоёр сая тонн, гурав дахь жилдээ 5.0 сая нийтдээ 8 сая тонн нүүрсийг “Эрдэнэс тавантолгой” ХК-д баяжуулж өгөх үүрэгтэй. Баяжуулах үйлдвэрийг хими цэвэрлэгээтэй жишиж болно. Даавуу эсгэж, хувцас оёж, зарахгүй, зөвхөн хувцсыг нь угааж цэвэрлээд эзэнд нь буцаагаад өгдөг .Яг л түүн шиг бид ганц шанага нүүрс зарахгүй, ганц шанага нүүрс ухахгүй, ганц кг нүүрс хил рүү зөөхгүй. Зөвхөн хог шорооноос нь ялгаж салгаад буцаагаад л өгнө. Манай үйлдвэр ашиглалтад орсноор хуурай аргаар нүүрс баяжуулж, “Тавантолгой” орд газрын нүүрс тэр дундаа “Эрдэнэс Тавантолгой”-н шууд борлогдох боломжгүй үнслэг өндөртэй 8, 9 дүгээр давхаргын сул коксжих болон эрчим хүчний нүүрсийг баяжуулна. Бидний цэвэрлэсэн, баяжуулсан нүүрсийг дэлхийн зах зээлийн үнээр зарна. Энэ мөнгө улсад л орно шүү дээ. Үйлдвэр ашиглалтад орсноор 180 хүн шууд ажилтай, цалинтай болно. Нүүрсээ хаягдал багатай, бүрэн ашигласнаар экспортын орлогыг нэмж, бүтээгдэхүүний чанар сайжирч, экологийн сөрөг нөлөөллийг бууруулж, ордын үр өгөөжийг өсгөнө.

-Эцэст нь та Монгол Улсын уул уурхайн салбар, тэр дундаа нүүрсний зах зээлийн ирээдүйг юу гэж төсөөлж байна вэ?

-Бортээгийн уурхайн үнслэг 25-аас дээш хувь. Энэ үнслэгийг бид 10 гаруй хувь хүртэл бууруулна. Энэ хэрээр Монгол Улсад орж ирэх үр өгөөж нэмэгдэнэ. Дэлхий нийт өнөөдөр нүүрсийг коксжуулж, хийжүүлж, шингэрүүлж, 400 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гарган авч байхад бид одоо л баяжуулж эхэлж байна. Гэхдээ би Монголын нүүрсний ирээдүйг гэгээлгээр харж байгаа. Хожимдсон ч гэсэн бид нүүрсээ баяжуулаад эхэллээ. Илүү өндөр үнээр зарах боломжтой боллоо. Одоо цэвэр нүүрсээ ашиглах, химийн үйлдвэрүүд баригдах байх гэсэн хүлээлт бий. Өмнө нь уурхайн амнаас хог шороотой нүүрсийг чулуутай нь хамт хамж ачаад хүний хэлсэн үнээр хямд зарчихдаг байсан. Одоо бол нүүрсээ баяжуулаад “Бид дэлхийн зах зээлийн ханшаар худалдана” гээд сууж байх боломжтой болж байна. Удахгүй баяжуулсан нүүрсийг ашиглан эцсийн бүтээгдэхүүн хийх химийн үйлдвэртэй болох байх. Бидэнд нүүрс химийн үйлдвэр байгуулах хэтийн зорилго, амбиц бий. ТЭЗҮ-ээ боловсруулаад дуусаж байгаа. Нүүрсний химийн үйлдвэрийн эхний бүтээгдэхүүн болох бензол, метанол, устөрөгч, аммиакийн шүү зэргийг үйлдвэрлэж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг түүхий эдээр хангах зорилготой. Ингэж чадвал манай улсын эдийн засагт үсрэнгүй өсөлтийг авчирч монгол хүний үнэлэмжийг эх нутагт нь дээшлүүлэх бүрэн боломжтой болно. Өөрөөр хэлбэл үйлдвэрийн ажилчин жилдээ 60-аас дээш мянган ам.доллар, нарийн мэргэжлийн инженер, технологич 100.0 мянган ам.долларын цалин авах боломжтой төсөл гээд бод доо. Ийм л төслүүд хэрэгжиж байж Монголчууд нийтээрээ ядуурлаас сална гэж итгэдэг. Тэгвэл Монголчууд эх нутагтаа элбэг хангалуун амьдарна биздээ.

-Ярилцсанд баярлалаа.

Б.БОЛОР

Сэтгэгдэлүүд

Дээш