Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх төрийн бус өмчийн таван сургууль, 10 цэцэрлэгт сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг 2023 оны аравдугаар сарын 17-ны өдөр олголоо.
Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар гардуулсан юм.
Өмнөх жилүүдэд төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгт сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох Ажлын хэсгийг жилд нэг удаа хуралдуулдаг байсан. Харин энэ оноос эхлэн тус Ажлын хэсгийг жилд хоёр удаа, шаардлагатай тохиолдолд тухай бүрд хуралдуулах шийдвэр гарсан юм. Мөн Ажлын хэсгийн хурлыг цахимаар шууд дамжуулж, нээлттэй, ил тод хуралдах нөхцөлийг хангажээ. Ингэснээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авч чадаагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ямар шалтгаанаар зөвшөөрөл аваагүй, Ажлын хэсгийн гишүүд ямар санал, шүүмж хэлж байгааг мэдэх боломж бүрдсэн.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 50 гаруй хувь нь, их, дээд сургуулийн 90 гаруй хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал, сургуулийн өмнөх боловсролын 667 байгууллага үйл ажиллагаа явуулдгаас төрийн өмчийн 307, төрийн бус өмчийн 360 цэцэрлэг байна. Харин ерөнхий боловсролын 307 байгууллага үйл ажиллагаа эрхэлж байгаагаас төрийн өмчийн 162, төрийн бус өмчийн 145 сургууль бий.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин:
-Энэ жилээс төрийн бус өмчийн цэцэрлэг 370, сургууль 150 болж нэмэгдлээ. Боловсролын чанар бол сургалтын хөтөлбөр, боловсон хүчин, орчин гэх суурь үзүүлэлт дээр тулгуурлан, бодлого зохицуулалтаа хэрэгжүүлдэг. Мөн боловсролын агуулга, зорилго, үнэлэмжийг алсын хараатай харах хэрэгтэй. Жишээлбэл, өнгөрсөн жил хоёр настай цэцэрлэгт орсон хүүхэд 2026 онд цэцэрлэгээ төгсөж, 2038 онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөн, их, дээд сургуулиа 2042 онд дүүргэж, ажлын байранд гарахад дунджаар 2090 он хүртэл ажиллана. Тиймээс хүүхдүүдэд насан туршдаа суралцах чадвар чадамжийг өгөх зорилгоор боловсролын агуулга, арга зүй, зохион байгуулалтаа өргөнөөр харж, үзэл баримтлал, зорилго, алсын хараандаа суулгах хэрэгтэй хэмээв.
Цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авсан “Креатив Бамбүү” цэцэрлэгийн үүсгэн байгуулагч А.Уянга:
-Би Харвардын их сургуульд боловсролын магистраар суралцаж, энэ жил эх орондоо ирсэн. Эзэмшсэн мэргэжлээрээ буюу боловсролын бодлогод дүн шинжилгээ хийж, эх орныхоо боловсролын салбарт хувь нэмэр оруулахыг зорьж байна. Үүний тулд заавал бодлогын түвшинд ажиллах албагүй. Харин ч хамгийн бага нэгжээс эхлэх ёстой гэж бодсон. Хүний тархины 80-90 хувь нь 0-5 насанд хөгждөг гэх батлагдсан судалгаа бий. Иймээс сургуулийн өмнөх боловсролд түлхүү анхаарснаар хүсэж буй ирээдүйн нийгмээ бий болгох боломжтой гэж үзсэн. Тиймээс “Креатив Бамбүү” цэцэрлэгээ нээсэн. Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс цаг тухай бүрд хариулт өгч, хамтран ажилласан тул цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрлийн баримт бичиг бүрдүүлэх үйл явцад бэрхшээл гараагүй гэв.
Боловсролын салбарт төр, төрийн бус өмчийн байгууллагын түншлэл амжилттай хэрэгжиж буй. Тухайлбал, өмнөх онуудад эцэг эхчүүд олон хоногоор дугаарлан, жилд 90 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагддаг байсан бөгөөд 30 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадалгүй үлддэг байсан юм. Харин төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зарлал олгон, хүсэлт гаргасан цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 99 хувийг буюу жилд 130 мянга гаруй хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдсэн. Нийслэлийн зүгээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээ дэмжин ажиллах бөгөөд стандартаа мөрдөн, эрүүл ахуйн шаардлага хангах хэрэгтэйг онцолж байв.