logo
Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг Unite олон улсын аян болж байна

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг Unite олон улсын аян болж байна

2023/11/29
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс санаачлан Жендэрт суурилсан хүчирхийллийг зогсооход жендэрийн талаарх тогтсон хэвшмэл ойлголт, нийгмийн тогтсон буруу хэм хэмжээ, хандлагыг өөрчлөхөд оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
 
Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг Unite олон улсын аян 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны өдрүүдэд 16 өдрийн турш олон улсын хэмжээнд болж байна. 2009 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн энэхүү аян энэ жил “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсооход хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх”-ийг уриалж байгаа юм.
 
Харин Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр нь хүчирхийллийн суурь шалтгаан болох нийгмийн хэвшмэл ойлголтыг олон нийт, тэр дундаа залуучуудад таниулах, залуусын оролцоонд уриалах уулзалт, семинарыг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар оролцож, “Жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт: Сорилт ба боломжууд” хэлэлцүүлгийн хүрээнд охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашдын зорилтын талаар мэдээлэл өглөө. Тэрээр Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн дээд эрх ашгийг хангах чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийж, хүүхэд хамгааллын бодлогыг гэр бүл төвтэй байх, хүүхэд хамгааллын үйлчилгээг шинэ шатанд гаргахад онцлон анхаарч, бодлогын томоохон шинэчлэл хийж байгааг дурдсан. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, улсын хэмжээнд 36 Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж, 2023 оны 10 сард нийт 4795 иргэн түр хамгаалан байрлуулах үйлчилгээ авсан байна.
 
Эрэгтэйчүүдэд нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг, зөвлөгөө, мэдээллийг өгснөөр хүчирхийлэл үйлдэхээс өмнө урьдчилан сэргийлж чадна. Иймээс бид НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлсэн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд нийслэлийн Чингэлтэй дүүрэгт “Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв”-ийг анхлан байгуулаад байгаа зэрэг олон ажлыг онцолсон юм.
 
Эх сурвалж: ХНХЯ

Сэтгэгдэлүүд

Дээш