logo
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав

2024/01/11

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хүсэлтээр УИХ-ын дарга Г.Занданшатар 2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Б.Бейсен, Ц.Туваан, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ардчилсан намын дэд дарга П.Галиндэв нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар Ардчилсан намын бүлгийн гишүүд болон Ардчилсан намын төлөөлөл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар байр сууриа илэрхийлж, Монголын Ардчилсан Холбооны шаардлагыг УИХ-ын даргад гардууллаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлээд буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар холбогдох тайлбарыг өгөв. Тэрбээр, газар бол улсын үндэс болохыг тодотгоод, газар эзэмших ашиглахтай холбоотой эрхзүйн зохицуулалтыг ард иргэд, олон нийтээр сайтар хэлэлцүүлж шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийллээ. Мөн хуулийн төсөлтэй холбоотой гаргасан УИХ-ын гишүүдийн хүсэлт, МоАХ-ны шаардлагыг Улсын Их Хурал дахь намын бүлгүүдэд танилцуулж, холбогдох арга хэмжээ авна гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэлүүд

Дээш