logo
Өвөлжилт хүндэрсэн Дорноговь, Төв аймгийн сумдад цэргийнхэн ажиллаж байна

Өвөлжилт хүндэрсэн Дорноговь, Төв аймгийн сумдад цэргийнхэн ажиллаж байна

2024/01/24

Ихэнх нутгаар өвөлжилт хүндэрч, зарим хэсэгт нь цагаан зуд нүүрлээд байна. Зам, даваа, гүвээ хаагдаж, мал малчид цасанд боогдож, тэвээрчид төөрөх эрсдэл үүсч буй энэ үед Зэвсэгт хүчний алба хаагчид тухайн орон нутгийн хэсгүүдэд хүн хүчний дэмжлэг үзүүлж эхэлсээр 3 сар өнгөрч байна.

Зэвсэгт хүчний алба хаагчид Булган, Төв, Өвөрхангай, Увс, Хөвсгөл, Баянхонгор, Дорноговь аймагт 2023 оны 11 дүгээр сараас хойш орон нутгийн зам, давааг техникийн тусламжаар нээх, малчин өрхийг нүүлгэх, өвс тэжээл хүргэх ажлыг тодорхой бүлгүүдээр тасралтгүй гүйцэтгэж байна.

Өнөөдрийн байдлаар Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Бүрэн сумдад Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл болон 014, 120 дугаар ангийн бүлэг, Дорноговь аймгийн Иххэт суманд Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн бүлэг гээд нийт 9 нэгж техниктэйгээр 20 гаруй цэргийн алба хаагч зам харгуйг нээх, өвс, тэжээл хүргэх ажлыг гүйцэтгэж байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд хүнд хэцүү цаг үед тусалж буй цэргийнхэнд орон нутгийн удирдлага, малчид, тээвэрчид талархлаа илэрхийлсээр байгаа юм.

Тухайлбал, Төв аймгийн Лүн суманд Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн дэслэгч М.Чойнхороор ахлуулсан 5, Эрдэнэсант суманд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн ахлах дэслэгч Ц.Энхбаяраар ахлуулсан 4, Баян-Өнжүүл, Бүрэн суманд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн 6, Дорноговь аймгийн Иххэт суманд Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн ахлах ахлагч Э.Очирбалаар ахлуулсан 4 алба хаагч цас их хэмжээгээр орсны улмаас үүссэн гамшгийн нөхцөл байдлыг бууруулахаар уртасгасан цагаар ажиллаж байна. 

Эх сурвалж: БХЯ

Сэтгэгдэлүүд

Дээш