logo
Дема эмнэлгийн хойд талаас зүүн тийш Нарны хороолол руу туслах авто зам барина

Дема эмнэлгийн хойд талаас зүүн тийш Нарны хороолол руу туслах авто зам барина

2024/08/16

Баянгол дүүргийн 3, 24 дүгээр хороо, Дема эмнэлгийн хойд талаас зүүн тийш Нарны хороолол руу туслах авто зам барина. Энэ ажлын хүрээнд дөрвөн нэгж талбарын 1,850 ам метр талбайн газар чөлөөлөх бөгөөд холбогдох аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Мягмарсүрэн “Дээрх газар чөлөөлөлтийн хүрээнд өнөөдрийн байдлаар хоёр аж ахуйн нэгжтэй зөвшилцсөн. Мөн нэг аж ахуйн нэгжтэй тохиролцож байна. Харин нэг иргэн эдэлбэр газраа зориулалтын дагуу ашиглаагүйн улмаас сонсох ажиллагааг зохион байгуулж байна” гэлээ.

Дема эмнэлгийн хойд талаас зүүн тийш Нарны хороолол руу туслах авто замыг ашиглалтад оруулснаар Алтай хотхон, Нарны гүүр, Нарны хороолол орчмын хөдөлгөөний эрчим буурна гэдгийг албаны хүмүүс онцолж байв.

Түүнчлэн энэ онд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 70 гаруй байршилд газар чөлөөлнө.

Эдгээр газрыг чөлөөлөхөд нийт 2500 гаруй нэгж талбар өртөөд байгаа юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш