Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах референт Э.Сансар, Олон талт хамт ажиллагааны тасгийн төсөл хөтөлбөр, дотоод хамтын ажиллагаа хариуцсан референт Л.Мөнхтулга нарын бүрэлдэхүүн Нийгмийн хамгааллын тусгай төвийн нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар уулзалт, ярилцлага зохион байгууллаа.
Нийгмийн хамгааллын тусгай төв нь Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 138 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 417 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд байгаа орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэн, түр хоноглох байраар хангаж, нийгмийн халамжийн суурь үйлчилгээ үзүүлэх чиглэлээр байгуулагдсан тусгай статустай, төрийн үйлчилгээний байгууллага юм.
Өөрийн гэсэн гэр оронгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, харж хандах хүнгүй, хорихоос суллагдсан, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх, тэднийг бие даасан амьдралд шилжихэд нь тусалж, дэмжин бичиг баримтжуулах, эрүүл мэнд, сэтгэл зүй, сургалт, соёл хүмүүжлийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг 12 үйлчилгээ үзүүлдэг байна.
Орон гэргүй, зорилтот бүлгийн иргэдийн 90 хувь нь архины хамааралтай, үүний 80 хувь нь эрэгтэй, 20 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тус иргэдийн архинд донтох болсон гол шалтгааны нэг нь гэр бүл салалт гэдэг нь судалгаагаар гарсан. Тус төв жилд жилд дунджаар 450-500 орчим иргэн хүлээн авдаг бөгөөд 25 орчим хувь нь бие даасан амьдралд шилждэг байна.
Комиссын ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус төвд ажиллахаар үеэр нийслэлийн Засаг даргын захирамжаар Баянзүрх дүүргийн XX хороо, Майхантын аманд төвийн өргөтгөлийн байрыг 2024 онд шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг онцлон хэлж байв.
Цаашид орон гэргүй иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, санхүүжилтийг нэмэгдүүлэх, нэгдсэн нэг бодлогоор дэмжих зэрэг санал хүсэлтийг ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул хүлээн авч, хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаар холбогдох мэдээллийг өгч ажиллалаа гэж Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ.