Монгол Улсын Далай ашиглах тухай хууль, далайн салбарын олон улсын гэрээ конвенц болон Олон улсын далайн байгууллага /ОУДБ/-ын тогтоол, холбогдох дүрэм журмын дагуу Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцуудад далбааны эзэн улсын нэрийн өмнөөс буюу Далайн захиргаанаас хяналт, шалгалтыг хийдэг.
Энэ хүрээнд Далбааны эзэн улсын хяналтын улсын байцаагч нь Монгол Улсын төрийн далбаа мандуулан их далайд далайн тээврийн үйл ажиллагаа явуулж буй 6 хөлөг онгоц дээр 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 7-ны өдрүүдэд Тайванийн Гаушун боомтод далбааны эзэн улсын хяналт, шалгалтыг хийлээ.
Тус шалгалтын гол зорилго нь их далайд аялж буй хөлөг онгоцны техникийн бүрэн бүтэн байдлыг нягтлан шалгах, олон улсын эрх зүйн хүрээнд нийцэхүйц үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавихад оршдог.
Ингэснээр их далайд хөлөг онгоц осолдох, эвдрэх, мөргөлдөх, хүний амь нас эрсдэх, хүрээлэн буй орчныг бохирдуулах зэрэг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд томоохон хувь нэмрээ оруулдаг гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.