Улаанбаатар хотын автозамын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер зарлан, материал хүлээн авч байна. Тендер шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн хүсэлттэй холбогдуулан тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд нэмэлт өөрчлөлт оруулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийг үндэслэн тендер хүлээн авах эцсийн хугацаа болон тендер нээх хугацааг хойшлуулж, 12 дугаар сарын 1-нд нээхээр боллоо.
Төслийн хүрээнд барилга угсралтын ажлыг 36 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Тодруулбал, 2025-2028 онд хэрэгжүүлэх төслийн эхний жилд буюу 2025 онд ТЭЗҮ-ийг батлуулах, тендерийн бэлтгэл үе шат, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. 2026-2028 онд газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлт, тоног төхөөрөмж, материал, хангамж зэрэг бэлтгэл ажил болон барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн төслийг хүлээлгэн өгөх юм. Нэгдүгээр тойрог зам төслийн ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах ажлыг “Си Эс Си И АйкомКонсалтантс” ХХК болон Шинжлэх Ухааны Академи хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн” боловсруулсан. Тус ТЭЗҮ-д 24.8 км авто зам, 9 км гүүрэн байгууламж, 2 км туннел, ногоон байгууламж, ус зайлуулах хоолой зэрэг дэд бүтцийг төлөвлөсөн иж бүрэн гудамж зам юм.
Мөн зам дагуу 17 орц, гарцтай байх бөгөөд өдөрт 216 мянган орчим тээврийн хэрэгсэл явах урьдчилсан тооцоолол гарсан бөгөөд төслийн анхны хөрөнгө оруулалт нь ашиглалтад орсноос хойш 7 жилийн хугацаанд нөхөгдөнө. Түүнчлэн төслийн нийт төсөвт өртгийн 49 хувь нь дотоодын зах зээлд эргэлдэхээр төлөвлөсөн нь үндэсний үйлдвэрлэл болон ажлын байрыг дэмжих чухал ач холбогдолтой юм.
