logo
Ухаалаг тоолуур нь хэрэглэгчдэд хэрэглээгээ удирдах, хэмнэх, эрсдэлээс хамгаалахад тусална

Ухаалаг тоолуур нь хэрэглэгчдэд хэрэглээгээ удирдах, хэмнэх, эрсдэлээс хамгаалахад тусална

2025/12/05
УБЦТС ТӨХК-ийн тендер, худалдан авах ажиллагаа хариуцсан хуулийн мэргэжилтэн О.Эрдэнэбат “Иргэдийг төөрөгдүүлсэн мэдээллийг олон нийтийн сүлжээ буюу цахим орчинд нийтэлж, бусдын нэр хүндэд халдахгүй байхыг хүсэж байна.”
  • Иргэд өмнөх тоолуур нь хэвийн ажиллаж байсан. Заавал ухаалаг тоолуураар солих шаардлага байсан уу гэсэн хардлагатай байна. Ямар зорилгоор ухаалаг тоолуурын төслийг хэрэгжүүлэх болов?
  • УБЦТС ТӨХК нь Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос өгсөн Ухаалаг түгээх сүлжээг бий болгох тухай үүрэг чиглэлийн хүрээнд 2019 оноос компанийн нийт хэрэглэгчдэд ухаалаг тоолуур нэвтрүүлэх ажлын судалгааг эхлүүлсэн  байдаг. Компани өөрийн үйлчлэх хүрээний 500 гаруй мянган хэрэглэгчдийг хамарсан ухаалаг тоолуурын систем нэвтрүүлэх төслийг 2023-2027 онуудад  хэрэгжүүлэхээр төлөвлөж, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан байдаг. Ухаалаг тоолуурын систем нэвтрүүлэх төсөл нь цахилгаан түгээлтийн алдагдлыг бууруулж, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх, гар ажиллагааг автоматжуулж ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, хүний хүчин зүйлээс хамаарсан алдааг арилгах, цахилгаан эрчим хүчний зүй бус хэрэглээнээс хамгаалах, хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ илүү сайн удирдах, аливаа эрсдэлээс хамгаалах боломжийг олгосон, хамгийн орчин үеийн техникийн шийдэлтэй, өндөр үр ашигтай төсөл юм. Ингээд 2023 онд компанийн нийт тоолуурыг ухаалаг тоолуураар солих төслийн техник эдийн засгийн үндэслэлийг гурван үе шаттайгаар таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр боловсруулж, төсвийг компаниас түгээлтийн алдагдлыг бууруулан олсон орлогоос санхүүжүүлэхээр холбогдох яам, зохицуулах хорооноос шийдвэрлүүлсэн. Төслийн эхний шатанд Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нийт 130976 хэрэглэгчид ухаалаг тоолуур, концентратор суурилуулах ажлыг 2023 оноос амжилттай хэрэгжүүлсэн. Хоёр дахь үе шатанд Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Зуслан, Налайх, Төв аймгийн Зуунмод сумын гэр хорооллын хэрэглэгчдийн 151219 ухаалаг тоолуур, 2051 концентратор суурилуулах ажил энэ онд хийгдээд байна.
  • Ухаалаг тоолууртай болсноор хэрэглэгчдэд ямар давуу талууд бий болох вэ?
  • Нэгд, Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрээр одоо мөрдөгдөж байгаа цахилгааны үнэ тарифын бүтэц өөрөө хэмнэлтэд чиглэсэн. Тэгэхээр цахилгааны цагийн ялгавартай тарифт тохируулан хэрэглэгч хэрэглээгээ хянаж удирдах, хэмнэлт хийх боломжтой. Хоёрт, төлбөр төлөөгүйн улмаас хэрэглээ нь түдгэлзүүлэгдсэн тохиолдолд сэргээх үйлчилгээг дуудлага өгснөөс хойш хүн очиж хийдэг байсан бол алсаас гүйцэтгэнэ. Энэ хугацаа маш богино болж байна. Гуравт, цахилгаанаас үүдэлтэй аливаа эрсдэлээс хамгаалж, хүчдэлийг автоматаар салгаж өгнө. Ахуйн хүрээнд ил задгай татсан эсвэл залгаастай оруулгын утастай, суларч холхиносон залгуур, богино холболт үүссэн цахилгаан хэрэгсэлтэй, тэрийгээ ойшоож анхаардаггүй өрх гэрүүд олон байдаг. Энэ хэнэггүй, хариуцлагагүй байдал нь хүний эрүүл мэнд амь нас, эд хөрөнгөөр хэмжигддэг.
  • УБЦТС компани ухаалаг тоолуур нийлүүлэх тендерийн үнэлгээний хороогоо ямар албан тушаалтнуудаас бүрдүүлсэн бэ?
  • УБЦТС ТӨХК нь төслийн ажилд ухаалаг тоолуур нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог захиалагчийн бүрэн эрхийн хүрээнд гүйцэтгэх захирлын тушаалаар байгуулсан. Үнэлгээний хороонд худалдан авах ажиллагааны А3 гэрчилгээтэй сургалтад хамрагдаж, тэнцсэн бөгөөд тус тендерээр нийлүүлэгдэх бараа, ажил үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааны чиглэлийн дагуу ажил үүрэг гүйцэтгэдэг удирдах болон инженер техникийн ажилтнууд ордог. Манай компанийн хувьд А3 гэрчилгээтэй сургалтад хамрагдаж, тэнцсэн 60 гаруй албан тушаалтан бий. Үнэлгээний хорооноос тендерийг Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасны дагуу үнэлж, захиалагчийн шийдвэрийг оролцогчдод мэдэгдэж ирсэн. Тиймээс иргэдийг төөрөгдүүлсэн мэдээллийг олон нийтийн сүлжээ буюу цахим орчинд нийтэлж, бусдын нэр хүндэд халдахгүй байхыг хүсэж байна.
    Төрөөс зарласан тендер, худалдан авах ажиллагаанд оролцсон иргэн, аж ахуйн нэгж, компани бүрд оролцож байгаа тендерийнхээ үнэлгээ, юун дээр алдаа гаргаж, ямар компани нь шалгарч байгаа талаар мэдээлэл авах, харах бүрэн боломжтой. Тиймээс ч сэтгэл хангалуун бус оролцогч Сангийн яаманд гомдол гаргаж тайлбар авдаг. Нөгөө талдаа гомдол гаргасан хугацаанаас хамаарч тендер шалгаруулах хугацаа удааширч байдаг дутагдалтай тал бий.
 
УБЦТС ТӨХК-ийн Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн Б.Ууганбаяр: “Тендерт холбогдох хууль болон техникийн шаардлага, тендерийн баримт бичигт заагдсан шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангасан оролцогчид шалгарсан.”
  • Ухаалаг тоолуур худалдаж авахад танай компани хэчнээн төгрөгийг төсөвлөж,  тендер хэрхэн явагдсан талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
  • УБЦТС ТӨХК-ийн “Ухаалаг тоолуурын систем нэвтрүүлэх төсөл”-ийн төсөв нь анх компанийн 2023 оны үйл ажиллагааны зардлын төсвийн тодотголоор батлагдаж, тендер нь цахимаар зарлагдаж байсан. Төслийн эхний шатны хэрэгжилт нийт 35.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 5 багц тендер байсан. “Багц 1” тендерт таван компани материал ирүүлснээс “Эндлесс-Энержи” ХХК, “Багц 2” тендерт дөрвөн компани материал ирүүлснээс “Эндлесс-Энержи” ХХК, “Багц 3” тендерт таван компани материал ирүүлснээс “Грийн имиралд” ХХК, “Багц 4” тендерт зургаан компани материал ирүүлснээс “Дижитал повер” ХХК тус тус тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаж, гэрээ байгуулсан. Харин “Багц 5” тусгай зориулалтын ухаалаг тоолуурын тендерт хоёр компани материал ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн шаардлага хангахгүйн улмаас тендер амжилтгүй болсон байдаг. Өнгөрөгч 2024 онд 2023 оны тендерийн хэмнэлтээс “Ухаалаг тоолуурын систем нэвтрүүлэх төсөл” нэртэй тендерт есөн компани материал ирүүлснээс “Нойкрафт” ХХК тендерийн баримт бичгийн шаардлагыг хангасан тул гэрээ байгуулсан. Энэ 2025 онд “Ухаалаг тоолуурын систем нэвтрүүлэх төсөл”-ийн II үе шат нэртэй 33.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 5 багц тендер цахимаар мөн зарласан. “Багц 1” тендерт найман компани материал ирүүлснээс “Эндлесс-Энержи” ХХК, “Багц 2” тендерт долоон компани материал ирүүлснээс “Дижитал повер” ХХК, “Багц 3” тендерт долоон компани материал ирүүлснээс “Ханжоу санрайз техноложи” ХХК, “Багц 4” тендерт найман компани материал ирүүлснээс “Лонжи метер” ХХК, “Багц 5” тендерт долоон компани материал ирүүлснээс мөн “Ханжоу санрайз техноложи” ХХК тус тус тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаж гэрээ байгуулсан. Эдгээр мэдээллээс 2023 оноос хэрэгжиж эхэлсэн “Ухаалаг тоолуурын систем нэвтрүүлэх төсөл”-д дурдагдсан бүх компаниуд тендерт оролцсоор ирснийг харж болохоор байна.
  • Тендерт оролцогчдоос ямар нэгэн гомдол гаргаж байв уу? Оролцогчдоос ирүүлсэн тендерийн баримт бичгийн ямар үзүүлэлтэд илүү анхаарал тавьсан талаар тодруулж болох уу?
  • Тендерийг цахимаар зарлаж байгаа нь өөрөө өрсөлдөөнийг ил тод, нээлттэй явуулах боломжийг олгож байна. Тендерт оролцсон бүх компани шалгарсан компанийн тендерийн материалтай танилцах, Сангийн яам болон Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах бүх эрх нь нээлттэй байдаг. Мэдээж хэрэг, тендерт маань Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон техникийн шаардлага, тендерийн баримт бичигт заагдсан шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангасан оролцогчид шалгарч байсан. Дээр нь тендерт олон компани оролцож, өрсөлдөөн бий болсон нь манай компанид ухаалаг тоолуурыг зах зээлийн үнээс хямд үнээр авах, төсвийг хэмнэх боломжийг олгосон. Мөн тухайн тендерт оролцогч Дижитал повер ХХК, Майнмонсоорс ХХК, Эндлесс-Энержи ХХК-уудаас Сангийн яаманд гомдол гаргасан байсан. Сангийн яам ирүүлсэн гомдлуудыг хянан үзэж, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин үнэлэхийг мэдэгдсэн. Сангийн яамны шийдвэр мэдэгдлийг үндэслэн үнэлгээний хороо дахин тендерийн материалыг нягталж тендер шалгаруулалтыг хийсэн.
  • Хямд үнэ бараа материалын чанарыг илтгэдэг ч гэдэг.
  • Хямд үнээр нийлүүлэгдлээ гээд тоолуурын чанарын хувьд ямар нэг өөрчлөлт гараагүй. Бүгд олон улсын стандартыг хангасан ухаалаг тоолуур. Эдгээр бүх тоолуурыг мэргэжлийн лаборатори болон Стандарт, хэмжил зүйн газраас тус тус шалгаж, давхар баталгаажуулсныг онцлон хэлмээр байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш