УИХ-ын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал БНХАУ-ын Коммунист намын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд тус улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд гуравдугаар сарын 24-нд БНХАУ-д суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтад Бээжин дэх Монголын оюутны холбооны төлөөлөл болон тус улсад суралцаж буй оюутан залуус оролцож, төрийн бодлого, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эх орондоо эргэн ирж ажиллах боломжийн талаар санал бодлоо солилцов.
Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутнууд эх орондоо дадлага хийх “100+100” хөтөлбөрийг эхлүүлж байгааг танилцууллаа. Энэхүү хөтөлбөр нь гадаадад суралцаж буй оюутнуудыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад дадлагажуулах, мэдлэг чадварыг нь бодитоор ашиглах боломж бүрдүүлэх зорилготой юм.
Тэрбээр технологийн хөгжлийн хурдац, Монгол Улсын өөрчлөлтийн талаар дурдаж, оюутан залуусыг эх орныхоо хөгжлийг хөндлөнгөөс харж, ирээдүйд хувь нэмрээ оруулахад бэлтгэхийг уриаллаа.
Мөн тэрбээр “Хувь хүний болон улс орны хөгжил тасралтгүй хөдөлгөөн байдаг. 10 жилийн өмнө Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 29 их наяд төгрөг байсан бол өнөөдөр 89.9 их наяд төгрөгт хүрсэн. Бүх аймаг, сум авто замаар холбогдож, орон даяар гар утас, интернэт хэрэглээ нэвтэрсэн. Энэ бол бидний хамтын хөгжил дэвшлийн үр дүн” хэмээн онцлов.
Н.Учрал оюутан залуусын боловсрол, ур чадвар Монгол Улсын ирээдүйтэй шууд холбоотойг тэмдэглээд шүүмжлэлт сэтгэлгээ, дүн шинжилгээ хийх чадвар, сахилга бат, тууштай байдлыг чухалчлан хөгжүүлэхийг зөвлөсөн юм.
Уулзалтын үеэр төрийн үйлчилгээний цахимжилтын талаар танилцуулж, И-Монголиа системд оюутнуудад зориулсан “Оюутан” цэсийг нэвтрүүлсэн, цаашид “E-Student 2.0” хөгжүүлэлтийг хийж, гадаадад суралцаж буй оюутнуудын хөдөлмөр эрхлэлт, дадлага, боловсрол, төрийн үйлчилгээний мэдээллийг нэг дор төвлөрүүлэхээр ажиллаж байгааг мэдээлэв.
Түүнчлэн Улсын Их Хурлаас захиалан гүйцэтгүүлсэн судалгаануудыг нээлттэй байршуулж эхэлсэн нь гадаадад суралцаж буй оюутнууд мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах, судалгаа хийхэд дэмжлэг болно гэдгийг онцлон дурдлаа.
Оюутнууд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөв, гадаадад суралцагчдыг эх орондоо ажиллахад дэмжих бодлогын талаар асуулт асууж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга экспортын бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх, инновацлаг үйлдвэрлэгч орон болох зорилгыг залуус дэмжин, суралцаж буй мэдлэгээ эх орондоо хэрэгжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.
Оюутнууд “E-Student 2.0” хөгжүүлэлтийг дэмжиж буйгаа илэрхийлж, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар санал бодлоо хуваалцсан байна. Мөн судалгааны мэдээллийг нээлттэй болгосныг сайшааж, тогтмол баяжуулж байх хүсэлт тавьжээ.
БНХАУ-д одоогоор 6300 орчим монгол оюутан суралцаж байгаагаас 40 хувь нь бакалавр, 20 хувь нь магистрийн түвшинд суралцаж байна. Уулзалтад оролцсон оюутнууд хэрэгцээ шаардлагад нийцсэн бодлого, шийдлийг санаачлан хэрэгжүүлж буйд талархал илэрхийлсэн байна.
