logo
Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо

Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо

2026/03/31

УИХ-ын чуулганы 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо.

Хуралдааны үеэр Ардчилсан намын бүлэг нэг цагийн завсарлага авч, завсарлагын дараа Ерөнхий сайдыг томилох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр олонх болсон Монгол Ардын Намын дарга, Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх санал гаргасан бөгөөд уг саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн санал, дүгнэлтийг танилцуулсан.

Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Завсарлагаас өмнө болон дараа нийт 40 гаруй гишүүн асуулт асууж, үг хэлсэн байна. Гишүүд махны экспорт, Асгатын мөнгөний орд, инфляц, шатахууны үнэ, татварын бодлого, авлигын эсрэг тэмцэл, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж, тодорхой бодлого хэрэгжүүлэхийг хүсэв.

Асуултад хариулахдаа Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Засгийн газрын бүтцийг үйл ажиллагааны зорилтод нийцүүлэн шинэчлэх шаардлагатайг онцолж, чиг үүргийн давхардалтай зарим байгууллагыг татан буулгах шаардлага байгааг хэллээ. Мөн төрийн албанд өргөн хүрээний халаа сэлгээ хийхгүй гэдгээ илэрхийлэв.

Тэрбээр дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөж буй нөхцөлд шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, БНХАУ-аас авах шатахууны хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр хэлэлцээ үргэлжлүүлэхээ мэдэгдэв. Үнийн өсөлтөөс иргэдийг хамгаалахын тулд шаардлагатай салбарт татаас олгох, аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэх, эдийн засгийг идэвхжүүлэх бодлого хэрэгжүүлэх боломжтойг дурдсан. Мөн шатахуун импортлогчдод тусгай ханшаар валют олгох, форвард хэлэлцээр хийх зэрэг бодлогын арга хэмжээг Монголбанктай ярилцаж буйгаа мэдээллээ.

Түүнчлэн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, төрийн оролцоог бууруулах, хувийн хэвшлийн орон зайг тэлэх, татварын шинэчлэл хийх, төрийн өмчит компаниудын бүтцийг өөрчлөх, зөвшөөрлийн тогтолцоог цахимжуулах, төсвийн зарлагыг бууруулах зэрэг асуудалд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв.

Хэлэлцүүлгийн дараа санал хураалт явуулахад чуулганд оролцсон гишүүдийн 82.2 хувь нь дэмжиж, Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай тогтоол батлагдлаа.

Тогтоолын эцсийн найруулгыг сонсгосны дараа Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Н.Учрал үг хэлэхдээ Ерөнхий сайдын алба нь эрх мэдэл бус өндөр хариуцлага гэдгийг онцолж, гурван том эрсдэлтэй нөхцөлд Засгийн газар ажиллаж эхэлж байгааг дурдав. Үүнд шатахуун, түүхий эдийн үнийн савлагаа, төсвийн орлогын тасалдал, дотоодын эдийн засгийн гацаа болон улс төрийн талцал зэрэг сорилт багтаж байгааг тодотголоо.

Тэрбээр Засгийн газар “Чөлөөлье” санаачилга болон эрх чөлөөний дөрвөн чөлөөлөлтийн бодлогыг хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг иргэдийн орлоготой уялдуулах, хувийн хэвшлийг дэмжих, хүнд суртлыг бууруулах эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхээ мэдэгдэв.

Мөн дэлхийн геополитикийн өөрчлөлт, эдийн засгийн сорилтыг даван туулахын тулд улс төрийн намууд, иргэд, бизнесийн байгууллагууд хамтран ажиллах шаардлагатайг онцолж, Монгол Улсын хөгжил, эдийн засгийн тогтвортой байдлын төлөө хамтдаа ажиллахыг уриаллаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш