logo
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов

COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов

2026/04/30

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Хурлыг зохион байгуулах чиг үүрэгтэй 12 дэд хорооны дарга болон холбогдох албан тушаалтнуудтай Ерөнхий сайд Н.Учрал уулзаж, бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл авлаа.

Ерөнхий сайд Н.Учрал тус хурлыг Монгол Улсад зохион байгуулж буй нь гадаадын хөрөнгө оруулалт татах боломж гэдгийг онцолж, ялангуяа ногоон дэд бүтцийг дэмжих хөрөнгө оруулагчдыг урьж буйгаа илэрхийлэх чухал индэр болох ёстойг тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд анхаарал хандуулж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд ач холбогдол өгч буйгаа харуулах учраас хурлыг өндөр түвшинд, алдаа зөрчилгүй зохион байгуулахыг анхаарууллаа.

Мөн хурлын санхүүжилтийг олон нийтэд ил тод байлгаж, зохион байгуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өгч, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирыг Засгийн газрын хуралдаан бүрд бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулга хийхийг үүрэг болголоо. Засгийн газрын гишүүдийг уялдаа холбоотой хамтран ажиллах шаардлагатайг онцолсон байна.

Одоогийн байдлаар хурлын бэлтгэл ажил 43 хувьтай бөгөөд төлөвлөлтийн шатнаас хэрэгжилтийн шатанд шилжсэн гэж мэдээлэв.

Хурлын үеэр гадаад, дотоодын нийт 10 мянга орчим зочин оролцохоор төлөвлөж байна. Хичээлийн шинэ жилийн өмнөх өдрүүдтэй давхцаж байгаа тул ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг эхний өдрүүдэд цахим хэлбэрт шилжүүлэх, их, дээд сургуулийн хичээл эхлэх хугацааг нэгээс хоёр долоо хоногоор хойшлуулах асуудлыг судалж байна.


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш