Эрчим хүчний сайд Б.Найдалаа Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав.
Монгол Улсын эрчим хүчний салбарын хараат бус байдлыг дээшлүүлэх, засаглалыг сайжруулах зэрэг урт хугацаанд олон талын оролцоотой ажлууд хийхээр зорьж байгааг сайд Б.Найдалаа энэ үеэр тэмдэглээд, хамтын ажиллагааг өргөжүүлэх ихээхэн боломжтойг тодотгов.
Монголд хөрөнгө оруулах сонирхолтой Туркийн хувийн хэвшлийнхний тоо нэмэгдэж буй бөгөөд манай улсыг сэргээгдэх эрчим хүчний асар их боломжтой хэмээн үзэж байгаагаа Элчин сайд Башак Гэнч Юксэл онцолсон юм. Сүүлийн жилүүдэд тус улс сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэхэд ихээхэн амжилт гаргасан байна. Одоогоор эрчим хүчнийхээ 60 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс гарган авч буй аж. Иймээс эл салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг илэрхийллээ.
Эрчим хүчний салбарын шинэчлэлийг богино хугацаанд хийсэн туршлага нь монголчуудын анхаарлыг ихээхэн татдагийг Б.Найдалаа сайд тодотгоод, “Гадаад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтад өмнөхөөс илүү нээлттэй байхыг зорьж байгаа” гэв. Турк улсын Засгийн газрын зүгээс, эсвэл хувийн хэвшилтэйгээ хамтраад Монголд төсөл хэрэгжүүлэх талаар судлахыг хүсээд, эрчим хүчний салбарын боловсон хүчин бэлтгэх, дахин сургах, дадлагажуулах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд богино хугацаанд ахиц гаргасан туршлагаас нь судлах зэргээр хамтран ажиллах саналтай байгаагаа мөн илэрхийллээ.
Нар, салхи, усны эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр бүс нутагтаа тэргүүлэгч тус улсын “Туркийн тэтгэлэг” (“Türkiye Bursları”) хөтөлбөрөөр дамжуулан монгол залуус шилдэг их, дээд сургуулиудад нь эрчим хүчний инженерчлэл, цахилгаан холбооны чиглэлээр суралцаж байгаа юм. Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА) нь Монголын эрчим хүчний салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, богино хугацааны сургалтад хамруулах ажлыг зохион байгуулдаг гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
