logo
Стратегийн нөөцийн барааны хяналтыг цахим системээр хэрэгжүүлнэ

Стратегийн нөөцийн барааны хяналтыг цахим системээр хэрэгжүүлнэ

2026/08/06

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Стратегийн нөөцийн зарим бараа болон хүнсний ногооны нийлүүлэлтийг тогтворжуулах, хүртээмжийг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг холбогдох сайд нарт үүрэг болгожээ.

Нөөцийн мах бэлтгэхээс эхлээд худалдан борлуулах хүртэлх бүх шатны хяналт сул байсныг Засгийн газрын хуралдаанаар онцолсон байна. Тухайлбал, 2025 онд 5016 тонн нөөцийн мах бэлтгүүлэхээр аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлжээ.

Гэвч хаврын улиралд зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн 720 тонн махыг нийлүүлээгүй байна. Мөн 3203 тонн махыг цахим төлбөрийн баримттай борлуулсан бол үлдсэн махыг төлбөрийн баримтгүй болон хэт өндөр дүнгээр борлуулсан зөрчил илэрчээ.

Иймд нөөцийн махны бүртгэл, хяналтын тогтолцоог цахимжуулах Засгийн газрын тогтоол баталсан байна.

Бүртгэл, хяналтын нэгдсэн системийг Сангийн яам наймдугаар сард багтаан бэлэн болгоно. Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран стратегийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, хадгалах, түгээх, борлуулах бүх шатанд цахим төлбөрийн баримт үйлдэж, бүртгэлийг ил тод болгох юм.

2026 оны намар бэлтгэж, 2027 оны хавар худалдаанд гаргах нөөцийн махны бүрдүүлэлтэд Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагваг онцгойлон анхаарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгожээ.

Нөөцийн махыг цахим системд бүртгэснээр мах бэлтгэлийн явц, нөөцийн үлдэгдэл ил тод болно. Мөн хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар ашиглах явдлыг таслан зогсоох, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг бий болгох боломжтой гэж үзжээ.

Иргэд агуулах, үйлдвэрээс махаа шууд худалдан авах, малчид системээр дамжуулан бүтээгдэхүүнээ эцсийн хэрэглэгчид борлуулах боломж бүрдэх юм.

Түүнчлэн түлш, улаанбуудай, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх зоорь, агуулах барих аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох, цахилгааны хөнгөлөлт үзүүлэхийг салбарын сайд нарт үүрэг болголоо.

 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш