logo
Шинэ Ганц худагтай шижээргүй явсныхаа гайгаар танилцсан минь... /Үргэлжлэл/

Шинэ Ганц худагтай шижээргүй явсныхаа гайгаар танилцсан минь... /Үргэлжлэл/

2011/06/07
5-р сарын 16-17
Даваа гарагийн өглөөнөөс хойш ээлж солигдсонгүй 15 цаг хүргэв. Ном тарааж, санал хүсэлт, өргөдөл авдаг нийгмийн ажилтан Л.Түвшинжаргал ч үзэгдсэнгүй. Сонсголон мөрдөнд 13 хонохдоо өглөө долоон цагт босгож, найман цагт тал талх, аяга цай өгөн, 9-10 цагийн хооронд ээлж солигдож дараа нь нийгмийн ажилтан явж, эмч, төлөөлөгч эргэлдсээр 13 цагт бантан өгдөгийг мэдээд авсан юм.  Монгол Улсын иргэн хувийн нууцтай байх эрхтэй. Захидал, харилцааны болоод хувийн нууц нь халдашгүй дархан байж, хуулиар хамгаалагддаг. Харин мөрдөнд ийм байдал огт байдаггүй. Дэвтрийн гол цаасан дээр бичсэн өргөдлийг маань нийгмийн ажилтан аваад уншиж, хүний тоо бүртгэлийн алба нь бас танилцаж хүргэх ёстой хуулийн байгууллага, албан тушаалтан руу хаяглан ШШГЕГ-таа явуулна. Уул нь хуулиараа бол тэдэнд танилцах эрх олгогдоогүй. Мөн шууд л дугтуйлаад эсвэл дугтуйлуулаад дээр нь хаягийг нь тавиулан авах ёстой байдаг. Эндээс л сэжигтэнд эрхээ хамгаалуулах, тодорхой асуудлаар тайлбар авах, прокурор, мөрдөн байцаагчдын ажиллагаанд хяналт тавиулах эсвэл тэдний гэм буруутай үйлдлийг тогтоолгох боломж бүрддэг. Гэтэл тогтсон дүрэм горимыг баримтлан, өргөдөл гомдлыг нь авдаггүйгээс болоод сэжигтэн, яллагдагчийн эрх хоёр хэлбэрээр зөрчигдөөд байгаа юм билээ.
1.Хянагч, нийгмийн ажилтан, төлөөлөгчтэй холбоотой гомдол гаргасан бол хорихоосоо гаргалгүй хав дарчихаад дараа нь өргөдөл бичигчтэй нь ярилцаж, дарамт шахалт үзүүлэх,
2.Хэргийг нь шалгаж байгаа мөрдөн байцаагч, хянаж буй прокурорт нь хов зөөж, өргөдөл гаргагчийг чангалах, улмаар сэтгэлзүйн дарамтанд оруулах. Ийм байдал байнга биш гэхэд мэр сэр гардаг тухай яриа ч тэнд байхад хэд хэд сонсогдсон доо. Тиймээс өргөдөл хүлээн авах тусгай дугтуйг ШШГЕГ-ын 0461-р ангийнхан хийж хэвшүүлээсэй билээ дээ. Хүсэлд хясал гэгчээр нийгмийн ажилтнаар нь дамжуулж хорихын хүний тоо бүртгэлийн албаар уламжлуулан БЗД-ийн прокурор О.Цэндсүрэнд бичсэн өргөдлөө 16 цаг хүртэл явуулж чадсангүй. Өдөртөө хоёр удаа эргэлддэг нийгмийн ажилтан ч сураггүй. Гадаа энэ ангийн албан хаагчид автомат, хорт утааны баг үүрчихсэн гүйж яваа харагдав. Ажлын эхний өдөр болоод хурал хуйтай байгаа бололтой. Ээлж нь солигдохгүй л байлаа. Бурхны аварлаар ээлж солигдож нийгмийн ажилтан, ахлах дэслэгч Л.Түвшинжаргал ирлээ шүү. Маргааш өглөө гэхэд өргөдөл маань хүрэх газраа очих хүндээ хүрнэ гэлээ.
Бүх ажилтнууд нь шалгалт өгцгөөжээ. Норматив бас тестээр хуулийн болоод ажлынхаа холбогдолтой мэдлэгээ шалгуулжээ. ШШГЕГ-ын боловсруулсан тусгай тест ирдэг юм байна. Одоо надад цагдан хорих 14 хоногийн хугацаагаа дуусгах 23-хан цаг үлдлээ. Яасан ч явж өгдөггүй цаг олдохдоо дэндүү удаан эрх чөлөө вэ? Маргааш 20 цаг хүртэл батлан даалтын бичиг ирэхгүй бол хугацаа нь сунгагдсан болж таарна. Тиймээс тэр хүртэл тэвчээртэй хүлээх л болж дээ. Бурхан минь надад эрх чөлөө хайрла. Бусдыг нь би эрх чөлөөтэй хамт олоод авна. Хэрвээ цагдан хорих хугацааг сунгасан байвал байцаалт ч өгөхгүй бас өлсгөлөнгөө ч зогсоохгүй дээ. Байцаагч, прокурор хоёроо тамласан шиг тамлана даа гэсэн бодолд ээрэгдсээр бас өдрийг  өнгөрөөв.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Л.ПҮРЭВНЯМ /  Гоо маралын шагналт сэтгүүлч /

Сэтгэгдэлүүд

Дээш