logo
Хятад, солонгос ресторан хувь хүмүүсийг хөлслөн нохой агнуулах явдал гардаг

Хятад, солонгос ресторан хувь хүмүүсийг хөлслөн нохой агнуулах явдал гардаг

2012/05/02

Сүүлийн үед золбин нохойнд ноцуулсан тухай дуудлага Яаралтай тусламжийн төвд ирэх нь ихэсчээ. Учир нь эзэнгүй, золбин нохой, муур олширч байгаа бөгөөд нийслэлээс устгал хийдэг ч үр дүн гардаггүй гэлцдэг. Тиймээс энэ асуудалд ямар арга хэмжээ авдаг тухай Нийслэлийн Захирагчийн ажлын албаны харьяа Xотын тохижилтын газрын Тохижилт үйлчилгээ, ногоон байгууламжийн албаны мастер Г.Жанчивдоржтой ярилцлаа.

-Золбин муур, нохой устгах ажлыг хэрхэн зохион байгуулдаг вэ?

-Манайхаас нохой, муур устгалыг жилийн дөрвөн улирлын турш нийслэлийн зургаан дүүрэгт явуулдаг. Хавар, намрын улиралд амьтдын орооны үе ордог тул бригадын зохион байгуулалттайгаар илүү хүч хэмнэх журмаар энэ ажлыг зохион явуулдаг. Гэр хороолол ихтэй газруудад сард дөрвөн удаа бригадын зохион байгуулалттай агналт хийнэ. Цагийн хуваарийн тухайд өвөл тодорхой өдрүүдэд 17:00-22:00, зун 00:00-06:00 хүртэл цагийн хооронд устгалын ажил явуулдаг.

-Нохойг буудаж устгадаг. Харин муурыг яадаг вэ?

-Нийтийн эзэмшлийн гудамж талбайд сул явж байгаа, хариуцах эзэн, хаяг, пайзгүй муур, нохойг бид устгах тогтоолтой. Муурны хувьд ялгаагүй. Иргэд ихэвчлэн орц, хонгил, подвальд байх муурыг устгуулах дуудлага өгдөг. Бид тийм нөхцөлд устгал хийх нь хориотой. Муур хүнтэй ойр байх хандлагатай, нэг газраа удаан тогтдоггүй, дамжин үсэрч байдаг амьтан. Тиймээс нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байх нь ховор бөгөөд орц, подваль, дулааны шугамын хонгилд орогнох нь их. Муурыг уургалан барьж, нохойтой адилаар буудаж устгадаг. Муурыг хараалтай амьтан, дутуу албал эзэндээ муу гэх яриа байдаг. Үүнтэй холбоотойгоор хүмүүс муур буудах дургүй. Муурыг бариад, агнаад сурсан туршлагатай хоёр, гуравхан анчин бий.

-Муур, нохой устгадаг тусгай анчин хэр олон бэ?

-Нийслэлийн хэмжээнд зургаан дүүрэг хариуцсан есөн анчин байдаг. Энэ нь устгал хийх ажилд хүрэлцдэггүй гэсэн үг. Анчин нэмж авах гэж бүтэн жилийн турш зар тавьсан боловч нэг ч хүн ирээгүй. Нийслэл хотынхоо амар тайван амьдралын төлөө чин сэтгэлээсээ хандаж, золбин муур, нохойг устгах хүсэлтэй хүн олдохгүй байгаа нь харамсалтай юм. Анчид гэдэг чинь амьдрах гэж яваа жирийн л ажилчид шүү дээ. Хичнээн хүнд хэцүү, цаг наргүй ч гэсэн бидний хийх ёстой ажил гэдгийг ухамсарлан ажлаа хийдэг.

Нийслэлийн ИТХ-ын 222 дугаар тогтоолын дагуу бид устгал хийлгэдэг. Тус тогтоолд ямар объектод орох, хэдэн метрийн зайнаас буудах, устгал хийх цагийн хуваарийг нарийвчлан зааж өгсөн. Энэ дагуу л үйл ажиллагаа явуулж байна. Өдөрт 300-600 орчим нохой агнадаг. Агнасан нохойгоо Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг дээр аваачиж тусгай баг бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч булж, устгаж, ариутгал хийдэг.

-Золбин муур, нохой устгах үед хэр их саад учирдаг вэ?

-Устгал хийх ажилд гудамжны гэгддэг хүмүүс маш их хүндрэл учруулдаг. Тэд машины цонх хагалах, анчдын биед халдан гэмтээх зэрэг явдал байнга тохиолддог. Мөн иргэдээс «Та нар л алах ёстой. Хүнээ хурдан явуул» гэх зэргээр гэнэтийн дуудлага өгч, янз бүрээр хэлдэг. Иймэрхүү дарамт, бэрхшээл их байна. Мөн хууль, цагдаагийнхан анчдын машины бичиг баримт, бууг хураан авч шалгаж байна гээд бүтэн сараар ажил зогсооно. Нийслэлийн ард иргэдийн амар тайван амьдралын төлөө энэ ажлыг хийж байгааг ойлгодоггүй. Хэдэн алуурчин дуртайдаа л муур, нохой буудаж явдаг мэтээр ханддаг. Зарим хятад, солонгос ресторан хувь хүмүүсийг хөлслөн нохой агнуулах явдал гарч байна. Нууцаар агнаж яваад баригдсан тохиолдол ч байдаг. Энэхүү хууль бус ажиллагаанд бидний ажлыг хутган ойлгох буруу хандлага байсаар байна.

-Золбин муур, нохойг жил бүр л устгадаг. Цөөрөхгүй шалтгаан юунд байна вэ?

-2010 онд жилийн эцсийн байдлаар 61 мянган нохой агнасан бол 2011 онд 69 мянга болсон нь золбин нохой хэр хэмжээрээр ихэссэн нь харагдаж байна. Золбин муур, нохой олширно гэдэг олон талаар аюултай. Хүмүүс уруулж, хазуулах, гэнэтийн халдлагад өртөх, янз бүрийн халдварт өвчний үүсвэрийг бий болгох гээд асуудал их. Тиймээс зайлшгүй устгал хийх шаардлагатай. Золбин нохой, муур цөөрөхгүй улам ихсэх хандлагатай байгаа нь нийтийн хоолны газруудын замбараагүй байдал, хог хаягдлаа ил задгай асгадаг айл өрх, орон суудныхантай холбоотой гэж үзэж болно. Мөн иргэд тэжээж чадах муур, нохойгоо төөрүүлж хаядагтай ч холбоотой.

-Золбин муур, нохойн асуудалыг танайхаас өөр хариуцдаг байгууллага байдаг уу?

-Нийслэлийн болон дүүргүүдийн мал эмнэлгүүд айл өрхийн тэжээмэл муур, нохойг пайзжуулан паспорт олгох үүрэгтэй. Мөн тэжээвэр муур, нохойд өвчин эмгэгийг сэргийлсэн туулга, тарилга ёстой. Гэтэл сүүлийн дөрөв, таван жил энэ ажил хийгдсэнгүй. 3олбин нохойг устгах ажилд зөвхөн Хот тохижуулах газар анхаарах бус иргэд, мал эмнэлгүүд анхаарах хэрэгтэй.

-Золбин муур, нохой устгахтай холбоотой иргэдэд анхаар зүйл байна уу?

-Агналт хийх явцад албан газрууд, цагдаа байгууллагынхан бидний ажлыг аль болох ойлгож, дэмжиж ажиллаасай. Өдөр бүр амьтны амийг таслан, нойроо хугаслан ямар ч хүн хүсэхгүй шүү дээ. Хотын иргэдийн төлөө,  журмын дагуу ажил яе байна гэдгийг ойлгох нь гэж хэлмээр байна.

О.Номин-Эрдэнэ
Эх сурвалж: "Өглөөний сонин"

Сэтгэгдэлүүд

Дээш