logo
Ц.Цолмон, О.Баасанхүү нар өнөөдөр тангараг өргөнө

Ц.Цолмон, О.Баасанхүү нар өнөөдөр тангараг өргөнө

2012/08/01
УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр УИХ-ын анхдугаар чуулганыг үргэлжлүүлж, Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулахад бэлтгэх чиг үүргийг УИХ-ын Тамгын газрынханд өгсөн байна. Энэ талаар УИХ-ын хуралдаан зохион байгуулах албаны ажилтнуудаас тодруулахад байнгын хороо, чуулганы хуралдааныг эхлүүлэх бүх бэлтгэлийг хангасан гэж байлаа. Тамгын газрынханд өгсөн чигийн дагуу эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж, даргыг сонгуулахаар төлөвлөжээ. Үүний дараа анхдугаар чуулганыг үргэлжлүүлж, тус байнгын хорооны даргыг батламжлахаар төлөвлөсөн байна.

Түүнчлэн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болоод Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны бүтцийг байгуулах зэрэг асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн юм байна. Гэхдээ байнгын хороо, чуулганы хуралдаан өчигдөр хуралдаагүй бөгөөд өнөөдөр 11.00 цагт хуралдахаар болсон байна. Тус хуралдаанаар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын нэрээр нэр дэвшин өрсөлдсөн Ц.Цолмон, О.Баасанхүү нарын тангаргыг өргүүлэх ажээ. Мөн дараа нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулахаар шийдвэрлэсэн байна.


Эх сурвалж: "Нийгмийн толь" 

Сэтгэгдэлүүд

Дээш