logo
Н.Алтанхуяг: Хайран мөнгө. Энэ мөнгөөр хүүхдийн 5 цэцэрлэг барина

Н.Алтанхуяг: Хайран мөнгө. Энэ мөнгөөр хүүхдийн 5 цэцэрлэг барина

2012/09/27
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Увс аймагт ажиллаж байна.  Тус аймагт жилд нэг удаа өөрөөр хэлбэл, Үндэсний их баяр наадмаар ганц удаа хэрэглэх задгай цэнгэлдэх хүрээлэн барьж эхэлжээ. Аймгийнхаа төвд 800 хүний суудалтай стадионтай атлаа ийнхүү дахин 3000 хүний суудалтай стадион барьж буй нь ёстой л илүү ажил мэт. Нөгөөтэйгүүр энэ нь зураг төсөл, төсөв нь огт хийгдээгүй атлаа улсын төсвөөс эхний санхжүүжилт болох 1,3 сая төгрөг авч сууриа цутгажээ.

Үүний дээр гүйцэтгэгч компани “Арвижих Увс”-ынхан энэ өдөр стадионыг бүрэн дуусгахад дахин 3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа талаар Засгийн газрын тэргүүнд ярилаа.  Хууль зөрчин хийгдсэн энэ төслийн талаар сонссон Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хайран мөнгө. Ийм мөнгөөр хүүхдийн  5 цэцэрлэг барина. Танай аймагт цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай байна уу” гэж аймгийн Засаг дарга Э.Цасчихэрээс асууж байлаа.

Улаангом хот найман цэцэрлэгтэй. Эдгээрт 2000 гаруй хүүхэд хүмүүждэг. Ер нь бол цэцэрлэгийн насны 3000 хүүхэдтэй, цэцэрлэгийн барилга хүрэлцээгүйгээс 1000 гаруй хүүхэд үеийнхэнтэйгээ хамт байж чадахгүй байгаа. Тус хотод эхний ээлжинд 5 цэцэрлэг шаардлагатай байгаа. Үүний дээр тус хотын захиргаа хувийн цэцэрлэг түрээсэлдэг бөгөөд энэ зардалд одоо 27 сая төгрөг яаралтай хэрэгтэй байгаа талаар Улаангом хотын захирагч Ерөнхий сайдын орон нутгийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр мэдээлэл өгөөд энэ хөрөнгийг яаралтай шийдэж өгөхийг хүссэн нь дээрх асуултыг дахин тавихад хүргэсэн юм.

Иргэдийнхээ өмнө тулгарсан асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэдэг, хүн рүү чиглэсэн бодлого барьж ажиллана. Бодлогын өөрчлөлт хийнэ, Шуурхай, шударга ажиллана. Ингэхдээ иргэд, олон түмнээсээ санал авч ажиллаж эхэлсэн гэдгээ Засгийн газрын тэргүүн хэлээд  Увс аймгийн Засаг даргыг цэцэрлэг хэрэгтэй юү, стадион хэрэгтэй юү гэдэг санал асуулгыг иргэдийнхээ дунд явуулахыг үүрэг болголоо.

Мөн “Хархираа” амралтын газар руу зам тавих хүсэлтийг орон нутгийн удирдлагууд гаргасан бөгөөд тэдэнд хандаж Засгийн газрын тэргүүн “25 тэрбум төгрөгөөр эхний ээлжинд нуурын хөвөө рүү очих зам тавих уу, дулаан тохилог, эрүүл ахуйн шаардлага хангасан битүү зах буюу худалдааны төв барих уу гэдэгт зөв хариулт олох ёстой” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд ажил хий гэхээр өөрсдийнхөө хүслийн жагсаалтыг биш иргэдийн амьдралд шаардлагатай байгаа ажлуудын жагсаалтыг гаргаад тулгамдсан асуудлаас нь эхэлж хийх учиртай гэж орон нутгийн удирдлагуудад анхааруулсан байна.

Сэтгэгдэлүүд

Дээш