logo
Элбэгээ Бан Ги Мүнийг “Айлгав”

Элбэгээ Бан Ги Мүнийг “Айлгав”

2012/09/27
Элбэгээ ээлжит шоугаа НҮБ- ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнээр хийж эхэллээ. Манай Ерөнхийлөгч өчигдөр НҮБ-ын индрийг эзэгнэлээ. Юун Барак Обама, Владимир Путин, бас Gannam style вэ. Манай дархан эрхт тоодгор Нэгдсэн үндэсний байгууллагыг Ерөнхий нарийн бичгийн даргатай нь, бас хүрэлдэн ирсэн төлөөлөгчидтэй нь жижгэрүүлж байна. Элбэгээгийн далайсан гарны цаана НҮБ-ын генсек далд орж байна гэнэ. Манай Ерөнхийлөгчөөс айгаад бүр ил гарч ч чадахгүй байна гэнэ. Юун У.Хүрэлсүх, Г.Баярсайхан хоёрын зодоон. Цаана чинь Элбэгээ Бан Ги Мүнийг үгээр “зодов” гэнэ шүү. Мундаг байгаа биз. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаярын хэрэгт хөндлөнгөөс оролцож, “хушуу дүрж” байсан Бан Ги Мүн ноёнд хариуг нь өгч байгаа нь тэр гэнэ. Тиймээс ч  “Хуулийн засаглал, авлига хоёр зэрэгцэн орших боломжгүй. Эрх чөлөө, хүний эрх, хуулийн засаглалын талаар наймаалцаж хэлэлцэх ёсгүйн адил авлигатай тэмцэхэд ч буулт хийх ёсгүй. Хууль бүх хүмүүст тэгш үйлчлэх ёстой. Ардчиллын үндсэн зарчим бол хуулиас дээр хэн ч үгүй, хэн ч байх ёсгүй. 

Энэ зарчим төрийн өндөр албан тушаалтнаас эгэл жирийн иргэн хүртэл бүгдэд нь үйлчлэх учиртай” гэж байгаад авч өгчээ. Хачин л юм. Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) нь олон улсын хууль, эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, нийгмийн асуудлууд болон хүний эрхийн талаар хамтран ажиллах зорилго бүхий олон улсын байгууллага. Ер нь бол Бан Ги Мүн Н.Энхбаяр гэдэг хувь хүний эрхийг зөрчиж үү, үгүй юу гэдэгт анхаарсан болохоос Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр гэдэг хоёр улстөрчийн хонзогнолд ач холбогдол өгөхгүй нь ойлгомжтой. 

Хоёр “Э”-гийн хоорондын явдлыг холын холд суугаа Бан Ги Мүн яаж мэдэх вэ дээ. Тэгээд ч ер нь “Эр, эм хоёрын хооронд илжиг бүү жороол” гэдэгчлэн Элбэгээ, Н.Энхбаяр хоёрын тэмцэлд Бан Ги Мүн дарга оролцож доошоо орохгүй байлгүй. Энэ хоёр булайгаас өөр анхаарах, оролцох асуудал дэлхийгээр нэг байна. Ер нь НҮБ-ын хуралдаан байтугай жирийн арга хэмжээний үеэр зохион байгуулагчид нь “Эрхэмсэг хатагтай, ноёд оо” гэж ирсэн зочдодоо хүндэтгэлтэйгээр хандаад арга хэмжээг эхэлдэг. 

Элбэгээ тэр том арга хэмжээн дээр очоод дэлхийн төр засгийн тэргүүнүүд болон НҮБ- ын Ерөнхий нарийн бичгийн даргад хандаж хэлсний төлөө ингэж шоудаж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад нарийн бичгийн дарга нар Элбэгээ, Н.Энхбаяр хоёр байтугай дэлхийн хүчирхэг гүрнүүдийн лидерийн нөлөөнд ч автахгүй байх үүрэгтэй. Тиймээс Бан Ги Мүн Н.Энхбаярын нөлөөнд автаж Элбэгээ рүү утасдаад л “Н.Энхбаярыг минь яачих нь энэ вэ” гэж гашуудсан нь юу л бол. Тэр тусмаа Ц.Элбэгдорж НҮБ-ын индрээс Ерөнхий нарийн бичгийн даргыг нь загнана ч гэж юу байх билээ. 

Эрхэм .Ерөнхийлөгч өө, улс төрийн тоглолт хийх гээд байгаа бол Монголдоо л хийгээч дээ. Битгий дэлхийн хэмжээний асуудал мэт дэвж гүйгээд бай л даа. Элбэгээгийн эрх ашгаас Монголын нэр хүнд, ашиг сонирхол чухал. Нэртэйгээр нь та Н.Хрущев шиг НҮБ-ын индрийг гутлаараа нүдэхгүй яав. Чин үнэнийг хэлэхэд, тэр нь шударга байх байлаа. Та ч гэсэн өөрөө "Шударга л байцгаая л даа" гэж тээр жил болсон сонгуулийн үеэр хэлсэн удаатай байх аа. Тийм шударга юм бол АН-ынхан Н.Энхбаярын “аквариум”-д үржсэн жараахайнуудтай хамт юуны учир нэг голд сэлнэ вэ. 

Хөх тэнгэрт хоёр нар манддаггүйтэй адил Монголын улс төрийн тавцанд хоёр “Э” хүчирхэгжих учиргүй нь Элбэгээ, Н.Энхбаяр хоёрын тулаанаас маш тод харагдана. Элбэгээ НҮБ-ын индэр дээр үг хэлж байх үед Монголд Н.Энхбаярын давж заалдах шатны шүүх хурал болж л байдаг. Яг ингэж давхцуулдаг нь ч ямар учиртай юм. Тэгээд ч Ц.Элбэгдоржийг эзгүй хооронд болсон давж заалдах шатны шүүх хурал Н.Энхбаярт анхан шатны шүүхээс оноосон шийдвэрийг хэвээр үлдээлээ. Цаадах нь Дээд шүүхэд хандахаар болоод л хоцров. 

Ийнхүү Ц.Элбэгдорж ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийн PR-aa НҮБ-ын индрээс эхэллээ. Түүнийгээ нэг их сайхан зүйл хийчихсэн юм шиг “Ц.Элбэгдорж Бан Ги Мүнд хариуг нь өглөө” гэж ирээд л сенсаци тарив. Түүнчлэн эрхэм Ерөнхийлөгч дүү нь Америкт шоудаж байхад ах Ц.Арсландорж нь хэдхэн хоног заларсан даргын албанаасаа огцроод л. Энэ нь ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд дүүгээ ялуулах зорилготой үйлдэл гэдгийг монголчууд бүгд мэдэж байгаа. Гэхдээ Ц.Элбэгдорж гэдэг хүн Монголын нэр хүндэд халгаатай тоглолтыг НҮБ-ын чуулганы үеэр хийлээ гэдгээ ухамсарлаж байгаа болов уу.

Н.Сонин
Эх сурвалж:”Улаанбаатар Таймс”

Сэтгэгдэлүүд

Дээш