logo
Монгол Улсын Ерөнхийлөгч Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчтэй уулзав

2012/09/27

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы үеэр зарим улсын төр засгийн тэргүүн нартай хоёр талын уулзалтууд хийж буй билээ. Өнөөдөр (9 дүгээр сарын 26) Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч, хатагтай Эвелин Видмер-Шлумпфтай уулзав. Уулзалтын эхэнд Швейцарын Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан “Тантай уулзах завшаан тохиосонд баяртай байна” гээд Монгол Улс дахь хүний эрх, ардчиллын талаар танилцуулахыг хүслээ.
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Энэ жил Монгол Улсад парламентын сонгууль болж олон намаас бүрдсэн эвслийн Засгийн газар байгуулагдан УИХ-аар мөрийн хөтөлбөрөө батлуулаад ажиллаж байна. Тун удахгүй арваннэгдүгээр сард орон нутгийн сонгууль болно. Ардчилсан хувьсгал өрнөсөн тэртээх жилүүдээс хойш багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд бид ардчиллыг улам бэхжүүлэхийн төлөө олон сорилт бэрхшээлийг туулан урагшилж байна. Монгол Улс 23 жилийн өмнө ардчилсан хувьсгалыг эхлүүлж тодорхой амжилтад хүргэсэн бол өдгөө төлөөллийн ардчиллаас шууд ардчилалд шилжиж иргэдээ улам эрх мэдэлтэй болгох, орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлэхийг зорьж тодорхой алхмуудыг шат дараатай хэрэгжүүлж байна. Швейцарь Улс бол шууд ардчиллыг хэрэгжүүлсэн маш сайн туршлагатай улс.
Танай улсаас энэ чиглэлийн тэргүүлэх эрдэмтэн судлаачид монголд зочилж иргэдтэй маань уулзаж, ардчиллын үнэ цэнэ, үнэт зүйлийг улам бүр дэлгэрүүлэхийн төлөө хамтран ажиллаж буйд баяртай байна. Мөн Швейцарын хөгжлийн агентлагийн захирал М.Дахинден өнгөрсөн зун манай улсад айлчилж, байгууллагынхаа шугамаар хэрэгжиж байгаа зарим төслийн явцтай танилцсан нь чухал ач холбогдолтой болсон. Цаашид Монгол Улс, Швейцарь Улсын хамт шууд ардчиллыг дэлхий нийтэд сурталчлан олон улсын түвшинд манлайлан оролцож илүү үр дүнд хүргэх болно гэдэгт итгэлтэй байна” гэв.
 
Мөн “Монгол Улсын эдийн засагт уул уурхайн эзлэх байр суурь үлэмж өсч байгаа энэ жилүүдэд бид иргэдээ улам бүр боловсролтой болгох, мэргэшүүлэх тал дээр ихээхэн анхаарч байгаа. Танай улстай бид боловсролын салбар дахь харилцаагаа илүү өндөр түвшинд хүргэх зорилттой байгаа. Бид Монгол Улсын иргэн дэлхийн шилдэг 30 сургуулийн нэгэнд элсэж чадвал сургалтын зардлыг нь Засгийн газраас даах зэргээр чанартай, мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэхэд ихээхэн анхаарч байгаа. Уул уурхайн олборлолт, тус салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын сэдвийн цаана байгаль орчны асуудал, иргэдийн маань эрх ашиг хамгийн түрүүнд байдаг учраас бид дээрх асуудалд маш нухацтай хандах хэрэгтэй болдог” хэмээн Ерөнхийлөгч онцлон дурдлаа.

 
Дараа нь хоёр улсын Ерөнхийлөгчид бүс нутаг, олон улсын хэмжээнд хамтран ажиллах асуудлуудын талаар ярилцав. Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч уулзалтын төгсгөлд Монгол Улс дахь хүний эрх, ардчиллын салбарт олж буй ололт амжилтад баяртай байна гээд төлөөллийн ардчиллаас шууд ардчиллын хэлбэр лүү шилжиж буй монголын чармайлтыг улам бүр дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш