logo
 Монгол Консерватив намын дарга Намжилын Дашдаваа: Хууль руу чи ирэхгүй бол хууль чамруу очно гэдэг үг бий дээ

Монгол Консерватив намын дарга Намжилын Дашдаваа: Хууль руу чи ирэхгүй бол хууль чамруу очно гэдэг үг бий дээ

2012/10/13
- Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу?
- Сайхан намаржиж байна. Танай сонины уншигчдад шинэ өглөөний мэнд хүрье.
- Юуны түрүүнд нам байгуулах болсон шалтгаанаас тань ярилцлагаа эхэлье гэж бодож байна.
- За. Тэгье. Монголын ард түмэн олон жил Ардчилал гэдэг зүйлийн сайн сайхныг үзэх 23 жил хүлээж амьдарлаа. Яг үнэндээ бол ээлжлэн эрх барьж буй хоёр нам Монголын хөгжлийг тодорхойлж чадах идеологи байхгүй байна. Зөв идеологи байхгүй байхаар зөв бодлого гарахгүй гацаанд орж байна. Энэ гацаа аль хэдийн үүссэн. Энэ гацаанаас гаргах шинэ идеологитой, зөв бодлоготой, Монголын ард түмнийг сайхан амьдруулах улс төрийн хүчин хэрэгтэй байгаа юм. Тэгээд энэ намыг байгуулахад хүрлээ.
- Таныг Ардчилсан нам, Ардчилсан залуучуудын холбоонд нөлөө бүхий албан тушаал хашдаг байсан гэсэн. Яагаад ийм сонголт хийхэд хүрэв.
- Би Ардчилсан намд 7 жил ажилласан. Намын дотор албан тушаалын төлөөх сонирхолтой фракцуудын олноор бий боллоо. Улс орны эрх ашгаас илүүтэй намын эрх ашиг, намын эрх ашгаас илүүтэй фракцуудын эрх ашиг ихдэж байгаа нь зөв биш зүйл рүү татаж байна. Намын хамгийн гол амин сүнс болсон үзэл баримтлал гэдэг зүйл үгүй болсон. Намын дарга нь баруун, зүүнээ мэдэхгүй хэмээн мэдэгдэж улс орныг авч явах бодлогоо тодорхойлж чадахгүй байна. Энийг хараад Монгол хүмүүс эмзэглэж байна. Энэ бүхний хажууд зүгээр суугаад байж болохгүй байна.
- Хамгийн гол нь таны олон жил зүтгэсэн нам ялалт байгуулж байх үед та шинэ нам байгуулсан нь сонирхол татаад байна л даа.
- Өнөөдрийг биш маргаашийг харж хүн амьдрах ёстой. Монголыг аварья гэвэл маргааш биш өнөөдөр эхлэх ёстой. Албан тушаалд дуртай байсан бол би ийм үйлдэл хийхгүй. Монгол хүмүүсийн сайхан амьдрах хүсэл биелэгдэхгүй байна. Энэ хүслээ биелүүлэхийн төлөө ард түмэн эрх баригч намуудад олон удаа боломж олгосон. Олгосон боломжийг аль аль нь ард түмний төлөө хийгээгүй. Харин өөрсдөө, тойрон хүрээлэгчдээ олигархи болтол нь ашигласныг ард түмэн мэдэж байгаа. 23 жил амиа бодох үзлийг амин сүнсээ болгосон Либериал үзлийг хуулбарлаж авч хэрэглэсний гай болж байна. Энэ нь хамтаар сайхан амьдрах ёстой төрийн үүргийг алдагдуулж байна.
- Та намынхаа консерватив үзэл баримтлал талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч.
- Манай намын Консервативизм гэдгийг зүгээр л өвгөдийнхөө бүх уламжлалыг хадгалж үлдэж, харанхуйгаар дагаж мөрдөх гэж явцуугаар ойлгож болохгүй ба харин хамгийн сайн уламжлал (best tradition)-аа хадгалж үлдэх гэж ойлгох хэрэгтэй. Аливаа уламжлалд хэрэггүй болсон, цаг үеэс хоцрогдсон зүйлс байнга гарч байдаг тул шаардлагагүй болсон, хоцрогдсон уламжлалыг түүхийн номонд нь бичээд байх ёстой үед нь үлдээх ёстой. Монголын консерватив үзэл гэдгээр Монгол улс транснациональ буюу үндэстэн дамнасан үйл ажиллагаа явуулж түүндээ тулгуурлан дэлхийн эдийн засгаас томоохон хувь эзэмших, Монгол улсыг дэлхийн топ улсын жагсаалтанд дээгүүр байр эзлүүлэх тухай хэлж байна. Яг л 13-р зууны Эзэнт гүрний институттэй адилхан. Даяарчлалд Монголын консерватив үзэл дэлхийн бусад улс оронтой явуулах улс төрийн идеологи байх ёстой. Яагаад гэвэл Монголын эзэнт гүрний үед даяарчилсан улс төрийн бодлоготой хил, хязгаар хамаарахгүй үндэстэн дамнасан том эдийн засагтай байсан. Үндэстэн дамнасан улс төр, эдийн засгийн бодлоготой байж чадсан учраас Монгол тухайн үедээ хүчирхэг байж чадсан юм. Ер бол Монгол Консерватив үзэл Монгол хүн бүрт байгаа түүнийг гал болгон дүрэлзүүлэх хэрэгтэй дээ. Бид шинэ зүйл огт яриагүй. Монгол хүн бүрийн цусанд байгаа аагийг ярьж байгаа юм.
- Танай нам мөрийн хөтөлбөрөө хэзээ ард түмэнд танилцуулах вэ? Намуудын мөрийн хөтөлбөрүүдээс ямар ялгаатай вэ?
Мөрийн хөтөлбөрөө Улсын дээд шүүхээс гэрчилгээ авсаны дараа сурталчилж эхэлнэ. Бид намд хүн элсүүлэхээсээ илүүтэй Мөрийн хөтөлбөртэй олон хүн танилцах боломж олгохыг илүүд үзэж байгаа. Намууд өөрийн үзэл баримтлалд тулгуурласан мөрийн хөтөлбөрөөр ялгарах ёстой. Ард түмэн тэр ялгааг нь харж сонголтоо хийдэг байх учиртай. Гэтэл баруун, зүүнээ мэдэхгүй үзэл баримтлалтай намууд мөрийн хөтөлбөр гаргахлаар ард түмэнд ялгаа нь харагдахгүй байгаа юм. Ард түмэнд энэ улс орныг яаж авч нь тодорхой харагдах ёстой. Манай нам бол Монгол Консерватив үзэлд тулгуурласан Монгол хүний зөвүүд болон аагыг эрхэм болгосон Монгол хүнийг Монголд нэг дүгээрт байхыг зорилгоо болгосон мөрийн хөтөлбөртэй. Манай нам мөрийн хөтөлбөрөө удахгүй олон нийтэд танилцуулна.
- Монгол Консерватив намын даргын хувьд Монголын улс төрийн нөхцөл байдлыг юу гэж дүнгэлж байна?
- Монгол улс төрд Шинэчлэлийн засгийн газар гэсэн сүржин нэртэй том уулын цаана МАНАН татаж байна. Монгол Улс төрд үзэл баримтлалын ган болж байна. Эрх мэдлийн төлөө амьсгаа хураахад бэлэн намууд байна. Фракцууд албан тушаалын төлөөх аминч үзлийн утга учиргүй жиилцээн болж байна. Энэ Монголыг авч явах идеологигүй учраас мухардалд орж, ард түмнээсээ асууя гэдэг сүржин нэр гаргаж ирж шоу хийцгээж байна. Ард түмэнээс асуухаас илүүтэй шийдвэр гаргаж эрх мэдлийг өгөх ёстой. Ард түмэнд юу хэрэгтэй байгаа нь тэнэг л биш бол ойлгомжтой. Үнэнийг хэлсэн хүнийг ад үздэг, үнэнийг бичсэн хүнд хэвлэн нийтлэх эрх чөлөөг олгодог байх ёстой. Ардчилсан нийгэмд эрх баригч ч бай, ямар ч удирдагч ард түмнийг удаан хуурч чадахгүй. Ардчилсан нийгмийн мөн чанар угаасаа ийм юм. Монголын улс төрийг тун удахгүй шинэ нөхцөл байдал хүлээж байна. Ард түмний бодол бас өөрчлөгдөнө.
- Монголын нийгэм болоод байна уу? Болохгүй байна уу? Таны бодлоор.
- Монголын Ард түмний амьдрал ямар байгааг эрх баригчид, сонгогдсон хүмүүс мэдэж байгаа, яаж амьдралын чанарыг нь дээшлүүлэхийг мэдэхгүй байгаа нь харамсалтай. Хоерхон жишээ татья. Монголын залуучууд орлоготой нь харьцуулахад өндөр өртөгөөр шаардалагүй хангаагүй хамгийн муу орчинд чанар муутай боловсрол эзэмшиж, үүнийхээ дараа ажил дээр гараад 20, 30 жил 2 хон өрөө байрны лизингт өгч байна. Залуу насныхаа бүх хөдөлмөрийг зөвхөн үүний төлөө зарцуулах гэж ирээгүй. Монголын оюутан залуучууд энэ байдлыг өөрчлөхийг хүсэж байгаа. Монголын ахмадууд тэтгэвэртэй нь харьцуулахад хэд дахин илүү өртөгөөр мах, сүү, гурил будаагаа худалдан авч байна. Хийсэнээ хйиж бүтээсэнээ бүтээсэн хүмүүсээ насны эцэст нь ингэж амьдруулах гэж төр орших ёсгүй. Энгийн иргэдийг нам гэдэг зүйлд талцуулан ялгарал бий болгож нам дагвал ажилтай болж сайхан амьдарна гэж байгаа нь Ардчилсан нийгмийн үнэт чанар шударга ёс, эрх, эрх чөлөө, үл ялгаварлах байдлыг уландаа гишгэж Ардчилал байна уу үгүй юу гэж эргэлзэхэд хүргэж байна. Монголчууд нам, эрх мэдэлтэний төлөө ингэж талцахыг хүсэхгүй байгаа. Өнөөгийн байдал хүнд суртал, авилга, хээл хахуулийг амь бөхтэй орших боломжийг бий болгосоор байна. Ардчилал үнэн зөвөөр хэрэгжихгүй байгаа нь үнэхээр харамсалтай байгаа. Манай нам Ардчилалыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхээр байгуулагдсан улс төрийн хүчин.  
- Улсын Дээд Шүүхэд бүртгүүлж эрхээ авсан байгаа юу?
- Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай хууль бусад хууль тогтоомжийн хүрээнд Улсын Дээд шүүхэд материалаа хүргүүлсэн байгаа. Монгол Улсны иргэд сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхийн дагуу л нэгдсэн. Өнгөрсөн 7 сард өргөн барьсан. Улсын Дээд Шүүхийн анхны хурал болоод зарим материал нэмж бүртгүүлэх асуудлыг тавьсан. Тэрийг нь бүрдүүлж өргөн барьсан. Улсын Дээд Шүүх зун нэгдсэн байдлаар амардаг намар өргөн барь гэсэн тэгээд тэднийг хүндэтгээд дахин намар өргөн барьсан байгаа. Манай намын журмын нөхөд Үндсэн хууль заасан болон Улс төрийн намуудын тухай хуулийн дагуу иргэдийн эвлэлдэн нэгдэж эрх чөлөөг баталгаажуулах эрхийг хэт удааж байна гэж үзэж байгаа. Одоо юу хүлээгээд удаагаад байгааг ойлгохгүй байна.
- Улс төрч хүний хувьд МАХН-ын даргын асуудлыг ямар өнцөгөөр харж байна.
- Хууль руу чи ирэхгүй бол хууль чамруу очно гэдэг үг бий дээ. Хувь хүний асуудлаас илүүтэй хэн ч байсан буруу үйл хийвэл шийтгэл хүлээх ёстой. Олон шударга бус хүн тэр хүний араас явна байх. Энийг үнэн ардчилал, шударга хууль хоёр л шийдчихнэ дээ. Монголын хуулийн өмнө гэмтэй бүхэн сөгдөх ёстой. Чи сөгдөхгүй бол хууль бас л сөгдүүлнэ. Гэм хэнд байна зэмийг түүнд өг гэдэг үг бий. Гэмтэй бол шийтгэлээ хүлээх хэрэгтэй. Аюултай хүнийг нийгмээс тусгаарлдаг гэтэл аюултай хүнийг нийгмээс тусгаарлачихаад бүхэл бүтэн намын даргын албаа хашаад байгаа нь Ардчилсан нийгэмд байна уу? Үгүй юу? гэж бодоход хүргээд байгаа шүү.  
- Ардчилал гэдэг зүйлийг олон намууд өмчлөх гээд булаацалдаад байх юм. Танай нам бас тэгэх үү?
- Ардчилал бол нийгмийн тогтолцоо болохоос намын өмч биш, хэсэг бүлэг хүмүүсийн өмч биш. Ардчилалыг хэн нэгэн өмчлөх гэж оролдох нь өмчлөхийг хүссэн хүндээ, намдаа аюултай. Ардчилалыг булаалцалдахаас илүүтэй үзэл баримтлалаар ялгарах хэрэгтэй. Бүх намууд л ардчилсан нйигэмд амьдарч үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. Манай нам бол Ардчилсан нийгэм дэх барууны үзэл баримтлалтай үнэт уламжлалд тулгуурлан, түүгээр хамгаалуулж даяарчлал давалгаанд хүчтэй улс болгох л зорилготой юм. Ардчилал бол угаасаа буруу зүйлийг цаг болохоор өөрөө цэвэрлэдэг хэн нэгэн эрх мэдэлтэн, нам залуурдаж болдоггүй тийм л иргэдэд эрх байдаг зүйл. Авилгачдыг цаг нь болохоор Ардчилал өөрөө илрүүлж бас шийтгэнэ.
- Монгол Барууны улс төрийн онол гээд ном бичсэн байна. Номын агуулгын талаар.
- Энэ ном улс төрийн гэхээс илүүтэй Монгол ирээдүйн талаар санаа зовинож бичсэн нь их. Хамгийн гол нь Монголын өөрийн гэсэн улс төр, нийгэм, эдийн засгийн үзэл баримтлалыг гаргаж ирсэн. Монголчууд агуу түүхтэйгээс гадна агуу үзэл баримтлал байна. Энийг өнөөгийн цаг үед хэрхэн ашиглаж дахин дэлхий хүчтэй болох талаар дэлгэрэнгүй бичсэн. Энэ номоос Монголд юу болж байна болохгүй байна сайн муугийн ялгааг гаргасан. Монгол хүн бүрийг авч уншаасай гэж хүсье. Ном таалагдахгүй бол би буцааж худалдаж авч болно шүү.
- Уншигчидад хандаж юу хэлэх вэ?
- Иргэдэд эрх нь байгаа. Эрхээ байнга эдлэж байх хэрэгтэй. Миний Монгол Мөнх оршиг гэж ерөөх мөртөлөө ийм байлгахыг хүсэхгүй байгаад байна. Эцсийн эцэст иргэд л энийг хэрэгжүүлнэ. Сэрэх цаг болсийм биш үү? гэж асууя. Баярлалаа. 

Сэтгэгдэлүүд

Дээш