logo
Оросын насанд хүрсэн нийт хүн амын 40 хувь нь тамхи татдаг

Оросын насанд хүрсэн нийт хүн амын 40 хувь нь тамхи татдаг

2012/10/19
Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев тамхидалтын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авахыг дэмжиж байна. Тэрээр жилд тамхидалтаас үүдэлтэй өвчлөлөөс болж 400.000 гаруй хүн нас барж байгааг анхааруулжээ. Оросын засгийн газар тамхины бүх төрлийн сурталчилгааг болон олон нийтийн газар тамхи татахыг хориглосон заалт бүхий хуулийн төслийг боловсруулж байгаа ажээ. Гэхдээ энэ хуулийн төслийг парламентаар хэлэлцсэний эцэст батлах эсэхээ шийдэх юм байна.
ДЭМБ-аас мэдээлснээр Оросын насанд хүрсэн нийт хүн амын 40 хувь нь тамхи татдаг байна. Энэ нь бусад улс орнуудтай харьцуулахад маш өндөр үзүүлэлт юм. Хойд хөршид нэг хайрцаг тамхи нэгээс хоёр долларын үнэтэй бөгөөд баар, ресторан зэрэг ихэнх олон нийтийн газруудад тамхины утаа суунагласан байдалтай байдаг.
Сүүлийн арван жилийн хугацаанд Орост тамхи татдаг хүний тоо нэмэгдсэн ба тамхины үнэ болон зар сурталчилгааг зохицуулсан хууль дүрэм төдий л үр дүнтэй хэрэгждэггүй байсаар өдийг хүрчээ.
ДЭМБ-аас гаргасан статистик мэдээллээс үзэхэд 1992 онд Орост нийт эмэгтэйчүүдийн долоон хувь нь тамхи татдаг байсан бол энэ тоо 2009 онд 22 хувь болж өссөн байна.
Э.АМАР
 

Сэтгэгдэлүүд

Дээш