logo
Дайны гэмт хэрэгтэн Горан Хаджичийг баривчлав

Дайны гэмт хэрэгтэн Горан Хаджичийг баривчлав

2011/07/23
Өчигдөр Сербийн ерөнхийлөгч Сербийн дайны хамгийн сүүлийн гэмт хэрэгтэн Горан Хаджичийг баривчилсныг батлан мэдэгдэл хийсэн байна. "Өнөө өглөө найман цаг 24 минутын үед Срем мужийн хойд хэсгийн Фруска Гора уул орчмоос Горан Хаджичийг баривчилсан, тиймээс Серби улс Гаагийн шүүхтэй хамтран ажилласан хүнд үеүдээ ардаа орхилоо, манай улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ цаашид биелүүлэхийн зэрэгцээ Горан Хаджичийг баривчилснаар бид хуулийн болон ёс суртахууны үүрэг хариуцлагаа биелүүлсэн гэдгийг баталж байна" хэмээн Борис Тадич мэдэгдэлдээ онцолжээ. 2004 онд Гаагийн шүүх 1991-95 оны Хорватын дайны үеэр хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн  Хорватын Серби генерал Горан Хаджичийг буруутгасан юм. Хаджич олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Хорват дахь Сербийн Краина Бүгд Найрамдах улсыг 1991 онд байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн юм байна. Түүнийг олон зуун хүнийг хөнөөх тушаал өгсөн, өөрийн мэдэлдээ авсан газар нутгаас олон мянган Хорват болон Серби биш хүмүүсийг хүчээр хөөн гаргасан хэмээн буруутгажээ. 2004 онд НҮБ-ын дайны гэмт хэргийн шүүх ялын төлөвлөгөө болон баривчлах тушаалыг Белград руу илгээх хүртэл тэрээр Сербийн Хойд хэсгийн хотод эрх чөлөөтэй амьдарч байсан юм. Харин Сербийн аюулгүйн хүчин дэх үндсэрхэг үзэлтнүүд түүнд энэ талаар мэдээлэл өгч, сэрэмжлүүлсний дараа тэрээр зугтсан байна. Белград хотын иргэд Хаджичийг баривчилсан явдлыг талархан хүлээн авч байна. Белград хотын иргэн Милан хэлэхдээ түүнийг баривчлах ёстой байсан, түүний хариуцаж байсан газар 190 хүн алагдсан, энэ тоо 190 биш 19 байсан ч гэсэн үйлдсэн гэмт хэргийнхээ ялыг үүрэх ёстой гэсэн байна. Үүнээс өмнө дайны гэмт хэрэгтэн Ратко Младичийг баривчлаад байсан билээ. Түүнтэй холбоотой мэдээллээс харахад Хаджичийг Гаагийн шүүх рүү шилжүүлэхэд хэд хоногийн хугацаа шаардагдаж магадгүй юм. Үндэстэн хоорондын дайны үеэр Хорват дахь Сербичүүдийн удирдагч байсан Хаджичийг баривчлахыг Сербийн талаас шаардаж байсан юм. 1991-95 оны хооронд үргэлжилсэн зөрчлийн үеэр Хорватыг Югославиас тусгаар тогтнохын эсрэг тэмцэж байсан Хаджичийг харгис хэрэг үйлдсэн хэмээн эрэн сурвалжилж байжээ. Ийнхүү Хаджичийг баривчилсан нь Серби улс Европын Холбооны гишүүн болох боломжийг нэмэгдүүлнэ хэмээн Сербичүүд найдаж байна.
Э.АМАР

Сэтгэгдэлүүд

Дээш