Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН) –ийн эхлэлийг 2000 онд Польшийн Варшав хотноо тэр үеийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай М.Олбрайт, Польшийн Гадаад хэргийн сайд Бронислав Геремек нарын санаачлагаар зохион байгуулсан Гадаад хэргийн сайд нарын бага хурлаар тавьжээ. Анхдугаар бага хуралд оролцсон 106 орны төлөөлөгч АОХН-ийг байгуулах тухай “Варшавын Тунхаглал”-ыг баталсан юм. АОХН нь тогтсон гишүүнчлэлгүй бөгөөд үйл ажиллагаандаа дэлхийн ардчилсан улс орнуудыг нээлттэй оролцуулдаг. Оролцогч орнуудын жагсаалтыг хоёр жил тутамд болдог Сайд нарын бага хурлын үеэр шинэчилдэг. Тухайлбал, 2000 оны Сайд нарын бага хуралд 106 орон оролцож байсан бол 2010 оны Вильнюсийн Сайд нарын VI бага хуралд 142 орон уригдсан байв.
АОХН нь ардчилал, түүний хэм хэмжээ, үнэт зүйлс, институцүүдийг хөгжүүлэн бэхжүүлэхэд улс орнуудын нэгдмэл байр суурийг баталгаажуулах зорилго бүхий Засгийн газар хоорондын механизм болон бэхжиж байна. АОХН нь зөвхөн засгийн газрын бус иргэний нийгмийн төлөөлөл бүхий бүтэц юм. 2011 онд АОХН-ийн Удирдах зөвлөл байгуулагдах хүртэлх хугацаанд АОХН-ийн удирдах байгууллага нь Зөвлөлдөх бүлэг (Convening Group) байсан. Зөвлөлдөх бүлэгт АНУ, БНСУ, Кабо- Верде, Итали, Литва, Мали, Мексик, Монгол, Морокко, Өмнөд Африк, Польш, Португал, Филиппин, Чех, Чили, Эль Салвадор, Энэтхэг улсууд байсан бөгөөд үйл ажиллагаа нь гол төлөв Вашингтон хотод явагддаг байв.
Варшавын тунхаглалын тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
АОХН-ИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО
- Ардчилсан инститүцүүд, үнэт зүйлсийг хөгжүүлэх, бэхжүүлэхэд туслалцаа үзүүлэх,
- Ардчилалд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, сэрэмжлүүлэх, хариу өгөх,
- Улс орнуудад иргэний нийгмийг дэмжих, хамгаалах, байгуулах,
- Ардчилсан засаглалд өргөнөөр оролцох явдлыг хэвшүүлэх/урагшлуулах,
- Ардчиллын төлөөх дуу хоолойг дэмжих
Эдгээр зорилгыг эрхэмлэсэн Засгийн газар, хууль тогтоох байгууллагын төлөөлөл, иргэний нийгэм болон бусад оролцогч талууд санал бодлоо солилцох, зөвлөмж гаргах, сайн туршлагаа хуваалцах, ардчиллын төлөөх үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих, олон улсын байгууллагуудад ардчиллын дуу хоолойг бий болгох чиглэлээр хамтран ажиллаж байна.
АОХН-ЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР:
Дарга орон ба түүний үүрэг (Presidency or Chairmanship):
- Даргалах хугацааны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлно.
- АОХН-ийн Удирдах зөвлөл, Гүйцэтгэх хороог даргална.
- АОХН-ийн ажлын хэсэг байгуулах асуудлыг санал болгоно.
- АОХН-ийн үйл ажиллагааны талаар Удирдах зөвлөл, Гүйцэтгэх хороо, Сайд нарын хуралд илтгэнэ.
- АОХН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, ГХ, УЗ-өөр батлуулах баримт бичгүүдийг сайшаана.
- Олон улсын аливаа арга хэмжээнд АОХН-ийг төлөөлнө.
- Шаардлагатай үед АОХН-ийн зүгээс мэдэгдэл хийх, байр сууриа илэрхийлэх зэрэг арга хэмжээг санал болгоно.
- Дарга улсын үүргээ гүйцэтгэхдээ Гурвал, Гүйцэтгэх хороотой хамтран ажиллана.
АОХН-ийн Удирдах зөвлөл (Governin Council) нь 2011 оны 9 дүгээр сард байгуулагдсан бөгөөд Нийгэмлэгийн удирдах дээд байгууллага юм. Эдүгээ Удирдах зөвлөл нь 25 гишүүнтэй бөгөөд гишүүнчлэл нь АОХН-ийн улс орнуудад нээлттэй байдаг.
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ОРНУУД
АНУ | Литва | Өмнөд Африк | Филиппин |
БНСУ | Мали[1] | Румын | Финлянд |
Кабо-Верде | Мексик | Унгар | Чили |
Канад | Монгол | Урагвай | Швед |
Коста Рика | Нигериа | Польш | Эл Сальвадор |
Итали | Морокко | Португал | Энэтхэг |
Япон |
[1] Удирдах зөвлөлийн IV хуралдаанаар Малид үүссэн нөхцөл байдлыг авч хэлэлцэн тус улсыг УЗ-ийн гишүүнээс түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.
УЗ-ийн гишүүн болоход тавигдах ерөнхий шалгуурууд:
- Варшавын Тунхаглалын зарчмуудыг эрхэмлэн хүндэтгэдэг байх,
- Шинэ, шилжилтийн үедээ яваа Ардчиллыг дэмжих, ардчилсан засаглалыг хууль бусаар зогсоож байгаа аливаа үйл явцад хариу өгөхөд бэлэн байх,
- Нью Йорк, Женевт зохиогддог НҮБ-ын Ардчиллын бүлгийн уулзалтуудад оролцдог байх,
- АОХН-тэй ажиллах механизм/сувагтай байх,
- АОХН-ийн төсөвт хандив өгөх, БНБДГ-т өөрийн орны зардлаар хүн ажиллуулах, АОХН-ийн нэг түүнээс дээш Ажлын хэсэг, бусад бүтцийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох зэргээр АОХН-ийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байх.
УЗ нь АОХН-ийн шийдвэр гаргах дээд байгууллага байна. Үүнд:
- Бүс нутгийн тэнцвэрийг хадгалах зарчмыг баримтлан, дарга улсыг сонгоно. УЗ-ийн гишүүнчлэл нээлттэй.
- Гүйцэтгэх хорооны зөвлөмжөөр Сайд нарын хуралд урих орнууд, ажиглагч орнуудыг батлах,
- Удирдах зөвлөлд шинээр гишүүн болох орнуудыг урих, гишүүнчлэлийг батлах,
- Түншүүдтэй байгуулах хамтын ажиллагааны гэрээг сайшаах,
- Хавсарга байгууллагуудын статусыг хүлээн зөвшөөрөх,
- Гүйцэтгэх хороог сонгох,
- АОХН-ийн орнуудаас зохион байгуулах арга хэмжээг батлах, /хамтарсан баг илгээх шийдвэр гм/
- Гишүүнчлэлийг цуцлах.
УЗ-ийн шийдвэр нь зөвшилцлийн журмаар гарах ба шаардлагатай тохиолдолд шийдвэрийг УЗ-ийн бүх гишүүдийн гуравны хоёрын саналаар гаргаж болно.
АОХН-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ХОРОО (EXECUTIVE COMMITTEE) -г 2011 оны 11 дүгээр сард Вашингтон хотноо болсон УЗ-ийн 2 дугаар хуралдаанаар байгуулсан.
Гүйцэтгэх хороог УЗ-ийн орнуудаас сонгож, түүний үйл ажиллагааны чиглэл, эрх мэдэл, ажиллах зарчмыг мөн Удирдах зөвлөл тодорхойлох ба ГХ нь өмнөх, одоо, ирээдүйн дарга –орны Гурвал, 4 орныг нэмж сонгосон бүрэлдэхүүнтэй байна. Удирдах зөвлөл Гүйцэтгэх хорооны гишүүдэд тавих шалгуур, нөхцөл, түүний дотор ээлжлэн сонгогдох боломжийг тогтооно. ГХ нь дарга –улсын саналын дагуу хуралдана.
АОХН-ийн Сайд нарын бага хурал 2 жилд болдог бөгөөд хурлаар үйл ажиллагааны чигийг тодорхойлж, албан ёсны баримт бичиг гаргадаг. АОХН-ын Сайд нарын бага хурал 2000 онд Варшав, 2002 онд Сөүл, 2005 онд Сантьяго, 2007 онд Бамако, 2009 онд Лиссабон, 2010 онд Краков (АОХН-ийн 10 жилийн ойг холбогдуулан), 2011 онд Вильнюс хотноо тус тус зохиогдсон. Сайд нарын 7 дугаар бага хурал 2013 оны 4 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотноо болно.
АОХН-ИЙН БАЙНГЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗАР (PERMANENT SECRETARIAT)
АОХН-ийн Байнгын нарийн бичгийн дарга нарын газар /БНБДГ/ нь АОХН-ийн дарга орон, Удирдах зөвлөлд зохион байгуулалтын болоод бодлого зохицуулалтын асуудлаар дэмжлэг үзүүлэх үүрэгтэйгээр 2009 онд байгуулагдсан. Мөн захиргааны, үйл ажиллагааны, техникийн арга хэмжээг зохион байгуулах, төрийн бус байгууллага болон бусад түнш байгууллагатай харилцах үүргийг гүйцэтгэдэг. Байнгын нарийн бичгийн дарга нарын газрын төв нь Варшав хотноо байрладаг бөгөөд өнгөрсөн 5 дугаар сараас Польшийн Гадаад хэргийн яамны харъяанаас гарч, бие даасан статустай болж байгаа юм. БНБДГ-ыг олон улсын байгууллагын статустай болгох асуудлаар яриа хэлэлцээ явуулсны үр дүнд 2012 оны 7 дугаар сард польшийн тал Хүлээн авагч оронтой байгуулах гэрээнд гарын үсэг зурсан ба энэ гэрээнд АОХН-ийг төлөөлж дарга- орон гарын үсэг зурав.
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах зөвлөл Шведийн дипломатч Мариа Лайснарыг АОХН-ийн БНБДГ-ыг удирдлага зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгох шийдвэрийг 2012 оны 4 дүгээр сарын 16-нд санал нэгтэй гаргав.
АОХН-ийн Ажлын хэсгүүд (Working Groups)
АОХН-ийн үйл ажиллагаа Ажлын хэсгүүдээр дамжин явагддаг ба өнөөгийн байдлаар дараах ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна. Үүнд:
- Ядуурал, хөгжил, ардчиллын асуудлаарх ажлын хэсэг (Чили, Итали)
- Ардчиллыг хөгжүүлж, үндэсний болоод үндэстэн дамнасан аюулаас хамгаалах ажлын хэсэг (Унгар)
- Хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ажлын хэсэг (АНУ, Литва)
- Бүсийн хамтын ажиллагааны ажлын хэсэг (БНСУ, Румын)
- Иргэний нийгмийг байгуулж, хамгаалах ажлын хэсэг (Канад)
- АОХН-ийн шинэчлэлийн асуудлаарх ажлын хэсэг (Швед, Литва)
- Ардчиллын боловсролын асуудлаарх ажлын хэсэг (Польш, Монгол)
- Шинэ тулгар ардчилсан орнуудын удирдагчдад дэмжлэг үзүүлэх /The LEND Network/ (Network for Leaders Engaged in New Democracies), ажлын хэсэг (АНУ, Эстони)
Дарга улсын санал болгосноор Удирдах зөвлөл түр болон байнгын ажиллагаатай Ажлын хэсгүүдийг байгуулах асуудлыг шийднэ. Ажлын хэсгийг 1-2 гишүүн орон ахлах бөгөөд бүрэлдэхүүнд нь АОХН-ийн орнууд, 2-оос доошгүй иргэний нийгэм, парламентын төлөөлөл орсон байх болзолтой. Ажлын хэсгүүд хариуцсан чиглэлээрээ үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, холбогдох төсөл, бусад арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Ардчиллын төлөөх түншлэл дэх сорилт: (Democratic Partnership Challenge)
Энэ санаачлагыг Вильнюсийн бага хурлаар ярилцаж эхлүүлсэн бөгөөд одоо Тунис, Молдав улсуудад хэрэгжүүлж байна.
АОХН-ИЙН ХАВСАРГА БАЙГУУЛЛАГУУД (AFFILIATED BODIES)
Олон улсын иргэний нийгмийн байгууллагуудын Удирдах хороо (International Civil Society Steering Committee): АОХН нь үйл ажиллагаандаа нийгмийн бүх салбарыг хамруулах, уян хатан байх зарчмыг хангах үүднээс иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулдаг. Удирдах хороогоор дамжин иргэний нийгмийн 300 гаруй байгууллага АОХН-тэй хамтран ажилладаг. АОХН-ийн төрийн бус байгууллагуудын санаачлага 2000 онд эхэлсэн бөгөөд тэдний үйл ажиллагааг 2005 онд байгуулагдсан Олон улсын Удирдах хороо /ОУУХ/ зохицуулан зохион байгуулж байна. Энэхүү хороо нь бүх бүс нутгийг төлөөлсөн 25 иргэний нийгмийн байгууллага болон тэдний удирдлагаас бүрддэг. 2000 онд байгуулагдсан АОХН-ийн Зөвлөл нь (Council for a Community of Democracies) ОУУХ-ын нарийн бичгийн нарын газрын үүргийг гүйцэтгэдэг.
Олон улсын зөвлөх хороо (International Advisory Committee) нь 2007 онд байгуулагдсан, бие даасан шинжээчид, нэр алдартай хүмүүсээс бүрддэг бөгөөд Удирдах зөвлөлд зөвлөх үүрэгтэй. Ардчилал, сайн засаглал, хүний эрхийн Сайд нарын бага хуралд ямар орныг урих эсэх, ажиглагчаар урих гэх мэт асуудлаар зөвлөмж гаргадаг.
Ардчиллын төлөөх Парламентын чуулган (Parliamentary Forum for Democracy) нь 2010 онд байгуулагдсан. ПЧ нь ардчиллыг төлөвшүүлэх, ардчилсан институцуудийг бэхжүүлэхэд хууль тогтоогчид хамтран ажиллах, туршлага солилцох гол талбар юм. ПЧ-ны зүгээс шинээр бий болж байгаа болон шилжилтийн үедээ яваа ардчиллыг бэхжүүлэхэд түлхүү анхаарал тавьж ажиллаж байгаа бөгөөд иргэний нийгмийн байгууллагатай хамтран боловсрол болон сурталчлан таниулах компанит ажил явуулж, зөвлөмж гаргадаг. ПЧ нь АОХН-ийн орнуудын парламент болон Европын парламент, Олон улсын парламентын холбоотой нягт хамтран ажилладаг. ПЧ-ны Нарийн бичгийн дарга нарын газар Вильнюст байгуулагдсан. Мөн Удирдах зөвлөлөө байгуулсан.
Бизнесийн ардчиллын чуулган (Corporate Democracy Forum). 2007 oнд хуралдсан АОХН-ийн Бамакогийн Сайд нарын бага хурлын төгсгөлийн баримт бичигт АОХН-ийн үйл ажиллагаанд хувийн хэвшлийг хамруулах тухай туссан бөгөөд энэ дагуу 2010 оны Краковын Дээд хэмжээний уулзалтаар ардчилсан нийгмийн хөгжлийн гол тулгууруудын нэг хувийн хэвшлийг үйл ажиллагаандаа татан оролцуулах шийдвэр гарсан. Дээд хэмжээний уулзалтанд оролцогчид хувийн хэвшлийн идэвхтэй оролцоо, зах зээлийн эдийн засгийн тогтолцоогүйгээр ардчиллыг тууштай бүтээн байгуулах боломжгүй гэдэгтэй санал нэгджээ. Бизнесийн ардчиллын чуулганы анхны уулзалт 2011 оны эхээр болсон. Бизнесийн чуулганаар төр, засаг, бизнес, ТББ-ын үйл ажиллагааны уялдааг сайжруулах, ардчилсан үйл явц, эдийн засгийн өсөлтийн ашиг тус, харилцан хамаарлын талаарх ойлголтыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтын орчноо шинэчлэн сайжруулах талаар Засгийн газруудтай ажиллах, үндэсний хэмжээнд бизнесийн стандарт, зарчмуудыг мөрдөж ажиллахын чухлыг ойлгуулан таниулах зэрэг асуудлыг хэлэлцдэг.
АОХН-ийн залуучуудын жигүүр (Youth Pillar) -ийн голлох үйл ажиллагааг Залуу удирдагчдын чуулган, Ардчиллын төлөөх залуу дипломатууд, Ардчиллын төлөөх дэлхийн залуучуудын хөдөлгөөн гэсэн бүтцүүд зангидаж авч явдаг. Вильнюсийн тунхаглалд АОХН-ийн үйл ажиллагааны бүх түвшинд залуусыг оролцуулж байгааг талархан сайшааж, тэдний хэсгийн идэвхтэй ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэж байна.
Залуу удирдагчдын чуулган (Young Leaders Forum) 2010 онд байгуулагдсан. Өдөр тутмын үйл ажиллагааг нь Вильнюс дахь албанаас зохицуулдаг. Иргэний үнэт зүйлс, ардчиллыг түгээх, хүний эрхийг хамгаалах, энхтайван, найрамдлыг бэхжүүлэхэд идэвх зүтгэл гаргасан залуу удирдагчдад олгодог шагналтай.
Ардчиллын төлөө залуу дипломатуудын бүлэг (Young Diplomats for Democracy) нь 2010 онд Атлантын зөвлөлийн санаачлагаар байгуулагдсан. Залуу дипломатууд болон зүтгэлтнүүдийн өргөн сүлжээ бий болгох зорилготой.
Геремекийн шагнал (Geremek Award):
Геремекийн шагналыг ардчиллыг хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан хувь хүн, холбоо нийгэмлэг, байгууллагад 2 жил тутамд нэг удаа олгодог. Шагналын сан нь 40 мянга орчим ам.доллар бөгөөд нэр дэвшигчийг Геремекийн сан, АОХН-ийн Байнгын нарийн бичгийн дарга нарын газар, Польшийн Гадаад хэргийн яам, АОХН-ийн дарга улсын Гадаад хэргийн яамнаас тус бүр нэг төлөөлөл бүхий Ажлын хэсэг зөвшилцлийн замаар шалгаруулна. Шагналыг Сайд нарын хурлын үеэр гардуулдаг.
Бронислав Геремек нь Польшийн Гадаад хэргийн сайд байхдаа АОХН-ийг тухайн үеийн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай М. Олбрайттай хамтран санаачилж байгуулсан бөгөөд Польшийн ардчиллын нэрт зүтгэлтэн агсан юм. Геремекийн шагналыг Нелсон Мандела, Кубын санваартан Хосе Корадо Родригс, 2010 онд Беларусын сөрөг хүчнийхэнд олгосон.