logo
УИХ-ын дарга З.Энхболдод Тайландын Ерөнхий сайд бараалхлаа

УИХ-ын дарга З.Энхболдод Тайландын Ерөнхий сайд бараалхлаа

2013/04/29
УИХ-ын дарга З.Энхболд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын  VII бага хуралд оролцож буй Тайландын Вант Улсын Ерөнхий сайд Ийнглак Чинаватыг өнөөдөр /2013.04.28/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд парламентын тэргүүн 40 шахам жилийн түүхтэй Монгол-Тайландын Вант Улс хоорондын дипломат харилцаанд сэтгэл хангалуун байдгаа илэрхийллээ. Ялангуяа Монгол Улс 90-ээд оноос ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс хоёр орны ард түмэн хүнд бэрх үед харилцан тусалж, ойлголцож найрсагаар хамтран ажиллаж ирсэн нь харилцааны гол үнэ цэнэ болж байдгийг онцолсон.

        Тайландын Ерөнхий сайдын хувьд манай улсад анх удаагаа айлчилж байгаа юм. Тиймээс энэхүү айлчлал хоёр улсын харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын дарга З.Энхболд мөн мэдэгдсэн.

        Хатагтай Ийнглак Чинават айлчлалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Засгийн газар хоорондын харилцаа хамтын, ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд энэхүү айлчлал болоод Ардчилсан орнуудын хамтын ажиллагааны сайд нарын VII бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүд үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм. Түүнчлэн Улаанбаатар-Бангконг чиглэлд шууд нислэг үйлдэх асуудалд Тайландын Засгийн газар анхаарал хандуулж агаарын шугам нээх асуудлыг судалж байгаа гэдгийг УИХ-ын даргад дуулгалаа.

        Тайландын Вант Улсын Парламентын танхимын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид энэ оны эхээр манай улсад айлчилсан юм. Энэ үеэр аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах, улс хооронд шууд нислэг үйлдэх боломжийг судлах зэрэг ярьсан асуудлууд өнөөдөр биелэлээ олж Тайландын Засгийн газар судалгаа хийж эхэлсэнд талархаж байна гэдгээ парламентын тэргүүн хэллээ. Түүнчлэн хоёр улсын парламентын хамтын ажиллагаа Засгийн газар хоорондын харилцаанаас илүү идэвхитэй байдгийг онцлоод Улсын Их Хурал нь Засаг хоорондын хамтын ажиллагааг идэвхижүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэв.

Дээрх уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг Монголын парламент дахь эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдэж байгааг дуулгаад хатагтай Ийнглак Чинаватын энэхүү айлчлал улс төр дэхь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа мөн илэрхийлсэн  гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш