logo
Монгол Улсын санаачилгаар авлигын сэдвийг сонгосныг чухал алхам гэж дүгнэжээ

Монгол Улсын санаачилгаар авлигын сэдвийг сонгосныг чухал алхам гэж дүгнэжээ

2013/04/29
Ардчиллын төлөөх парламентчдын форумын Ерөнхийлөгч Эмануэлис Зингерис, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн бүлгийн дарга М.Батчимэг нар форумын үйл ажиллагааны үр дүнгийн талаар Төрийн ордонд өнөөдөр /2013.04.28/ мэдээлэл хийлээ.

  Мэдээлийн эхэнд УИХ-ын гишүүн М.Батчимэг, “Ардчиллын төлөөх парламентчдын энэ удаагийн форумын үйл ажиллагаанд 15 орны парламентын 28 гишүүн, 50 гаруй ажиглагч оролцлоо. Энэ форум Авлигын эсрэг парламентын хамтын ажиллагаа сэдвийн дор болж өнгөрлөө. Форумын үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд оролцож авлигатай тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гарч буй ахиц дэвшлийн талаар танилцуулсан. Мөн ноён Э.Зингерис болоод бүх төлөөлөгчид ардчилал, түүний институциудыг бэхжүүлэхэд форумын ажиллагаа хамгийн чухал үүрэгтэй гэдгийг онцоллоо” хэмээн хэлсэн. Монгол Улс Парламентчдын форумын хүрээнд өөрсдийн санаачилгаар авлигын сэдвийг сонгосон нь чухал алхам боллоо гэж оролцогчид дүгнэсэн талаар эрхэм гишүүн сэтгүүлчдэд дуулгасан.

   Хурал гурван үндсэн чиглэлийн дор явагдсан байна. Эхнийх нь авлигын эсрэг парламентын үйл ажиллагаа гэсэн сэдэв байсан бол дараагийн нь парламентын гишүүдийн ёс зүйн талаар, мөн парламент хоорондын цаашдын хамтын ажиллагаа, авлигатай тэмцэх парламентын чадавхийг дээшлүүлэх талаар мөн хэлэлцэн ярилцжээ. Хурлаас тогтоол гарган Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын хуралд танилцуулахаар боллоо хэмээн УИХ-ын гишүүн М.Батчимэг мэдээлсэн.

  Дараа нь Ардчиллын төлөөх парламентчдын форумын Ерөнхийлөгч Эмануэлис Зингерис энэхүү форумаас гаргасан тогтоол, шийдвэрийн талаар танилцуулсан. Тэрбээр, “Парламентчдын чуулга уулзалтад оролцон асуудлуудаа хоёр хоног ярилцлаа. Энэ бүхний дараа Монгол Улсын ардчилал өсөн бойжиж, насанд хүрчээ гэж хэлж болохоор байна. Бид ардчиллын үр шимийг нь хүртэхийн тулд хяналтаа тавьж, мөн ил тод байдлаа хэрхэвч мартаж болохгүй. Ил тод байдлыг хөгжүүлэх гэдгээр авлигатай тэмцэх гэсэн гол санаа илэрхийлэгдэж буй юм. Дэлхий дахины хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, “Нью Иорк Таймс” сониноос эхлээд энэ асуудалд анхаарлаа чиглүүлж ирсэн. Ард иргэдийн хувьд Засгийн газар авлигатай ямар хэлбэрээр, хэрхэн тэмцэж байна вэ, бидний сонгосон парламентын гишүүд авлигаас ангид байхыг биеэр үзүүлээд зогсохгүй, үүнтэй тэмцэхэд хэрхэн гар бие оролцож байгааг харж хүлээж байдаг.

   Интернэт, цахим сүлжээ хөгжин, мэдээлэл асар хурдтай түгэж байна. Засгийн газрын албан тушаалтан, улс төрчид оффшор дансанд хувийн хадгаламжийг нээн, ёс зүйн алдаа гаргаж байгааг бид харж байна. Далд зүйл гэж үгүй болжээ.

   Энэ удаагийн хуралдаанаар авлигатай тэмцэх асуудал, энэ чиглэлээр авах нэгдсэн арга хэмжээний талаар тунхаглал баримт бичгийг гаргасан. Үүнд Монгол Улсын жишээн дээр тулгуурлан мэргэжсэн төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх талаар тусгагдсан. Тунхаглалдаа дэлхий нийтэд хандан таван зүйлийг уриалга болгосон байгаа. Үүний дөрөвдүгээрх нь хэвлэлийн мэдээллийн байгууллагынханд хандсан зүйл” гэж ноён Зингерис хэлэв. Тэрбээр мэдээллийн ил тод байдлыг хангана гэдэг нь авлигатай тэмцэх үйл явцыг дэмжих үндсэн чухал хэсэг нь учраас иргэдэд хүрэх мэдээллийн ил тод байдлыг Засгийн газраас хангахын зэрэгцээ, улсын төсөв, зарлага, янз бүрийн сангуудын хөрөнгийг хэрхэн зарцуулж байгаа нь олон нийтэд ил тод байх ёстой. Энэ талаар тунхаглалд тусгасан хэмээсэн.

   Түүнчлэн тавдугаар зүйлд нууцлалыг хамгаалах эрх чөлөө, иргэдийн хяналтад ямар нэг хэмжээгээр саад болох ёсгүй гэсэн утгатай заалт оруулсан байгаа гэж ноён Э.Зингерис мэдээллийнхээ төгсгөлд дурдсан юм. 

 Г.Бүрэнжаргал

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш