НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа ус хангамж, ариун цэврийн байгууламжийн МОН-08-302 төсөл үргэлжилж, 5 аймгийн 10 сумын барилгуудыг бага хүчин чадлын цэвэрлэх байгууламжтай болгохоор болж байна.
Өнөөдөр уг төслийг үргэлжлүүлэх санамж бичигт УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Sezin Sinanoglu нар гарын үсэг зурав.
Төслийг хэрэгжүүлэх хугацаа 2 жил байх юм. Нийтдээ 2 сая 250 мянган ам долларын өртөг бүхий төслийн хүрээнд хөдөөгийн хүн амын унд ахуйн хэрэгцээний ус хангамж, ариутгах цэвэрлэх байгууламжийн үйлчилгээг сайжруулна гэж үзэж байна.
Манай улсын хувьд олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл тусламжаар нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх, дэд бүтцийн барилга, байгууламжийн ажлууд хийгдэж байгаа. Эдгээрийн нэг нь 2008 оноос Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн Ус хангамж ариун цэврийн байгууламжийн хамтарсан хөтөлбөр юм гэж сайд Ц.Баярсайхан хэллээ.
Төслийн хүрээнд Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн 12 сумын ус цэвэрлэх байгууламжийн зураг төслийг боловсруулан 2013 оноос Ховд аймгийн Зэрэг сум, Өмнөговь аймгийн Булган суманд барилга угсралтын ажил эхлээд байна.
Үүний зэрэгцээ ус хангамжийн төслийг үргэлжлүүлснээр 5 аймгийн 10 сумыг бага хүчин чадлын цэвэрлэх байгууламжтай болгох бололцоо нээгдлээ.