logo
Финлянд улсын Хууль зүйн сайдыг хүлээн авч уулзлаа

Финлянд улсын Хууль зүйн сайдыг хүлээн авч уулзлаа

2013/04/29
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хуралд оролцож байгаа Финлянд улсын Хууль зүйн сайд хатагтай Анна-Маяа Хенрикссон, тус улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд ноён Ларс Бакштром тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 27-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Хууль зүйн сайд “Та бүхэн ардчилал руу итгэл, зоригтой алхаж байгаа Монгол Улсын дүр төрхийг харж байгаа байх. Монгол Улс сүүлийн зургаан жилд хууль зүйн салбарт суурь шинэчлэл хийж, хуулиар удирдуулдаг шинэ тогтолцоо руу шилжиж байна. Та бүгдийг айлчилж байгаа энэ үед авлигатай тэмцэж, хуулийн шинэчлэлийг хийж байна. Яг одоо УИХ-аар шинэчлэлийн суурь хуулийн төслүүдийг хэлэлцүүлж байгаа. Сүүлийн үед улс дамнасан зохион байгуулалттай үйлдэгддэг гэмт хэргүүд гарах болсон. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх хуультай, шинэ түвшинд тэмцэх зохион байгуулалтад орж байна. Тухайлбал, албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан мөнгө угаах гэмт хэрэгт оролцож байна. Авлигатай тэмцэнэ гэдэг бидний хувьд маш том сорилт” гэдгийг онцлов.

Мөн “Монгол, Финлянд хоёр улсын хооронд хуулийн салбарт хамтран ажиллаж байсан туршлага бага. Цаашид туршлага солилцож, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Хууль зүйн яаманд хууль сахиулах байгууллагууд харьяалагддаг. Засгийн газрын шинэчлэлийн томоохон хэсгийг манай яам хийж байгаа тул бидэнд сайн туршлага хэрэгтэй байна. Тиймээс энэ шинэчлэлийн хүрээнд танай туршлагыг сонирхож байна” гэв.

Хатагтай Анна-Маяа Хенрикссон “Монгол Улс эрх зүйн системээ шинэчилж, ардчилал руу тууштай алхаж байгаад баяртай байна. Хөгжил, цэцэглэлт нь нүдэн дээр ил байна. Гэхдээ аль ч оронд төгс ардчилал гэж байдаггүй. Ямар нэгэн асуудал, бэрхшээлтэй байдаг учраас эрх зүйн болон шүүхийн зөв тогтолцоог бий болгохын тулд улс орнууд хамгийн сайн жишээгээ ярилцаж, хамтран ажиллах хэрэгтэй. Тиймээс бидэнд ямар туршлага байна та бүхэнтэй хуваалцахыг хүсч байна. Мөн та бүхнээс ч туршлага судлахыг хүсч байна” гэлээ. Тэрбээр Финлянд улсын парламентаар шүүхийн захиргааны байгууллагын асуудлыг хэлэлцэж байгаа гэдгийг дуулгаад, шинэ эрх зүйн тогтолцоог бэхжүүлэх, хүний эрхийг хангах ажилд нь амжилт хүссэн юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш