Монголын Залуучуудын Холбоо залуучууд хоорондоо сонирхол ажил мэргэжлээрээ нэгдэж, тухайн салбартаа тулгамдаж буй асуудлуудад гарц хайх, улмаар шийдвэрлүүлэх, дуу хоолойгоо хүргэх зорилготой “Залуучуудын хороо”-дыг байгуулж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд МЗХ дэргэдээ Залуучуудын тодотголтой “Байгаль орчны хороо”, “Спортын хороо”, “Соёл урлагийн хороо”, “Хүнс, шим тэжээлийн хороо”, “Эрүүл мэндийн хороо”, “Хууль эрх зүйн хороо”, “Хүмүүнлэгийн хороо”, “Шинжлэх ухаан технологийн хороо” зэрэг 8 хороодыг байгуулж, тус хороод өнөөдөр идэвхтэйгээр үйл ажиллагаагаа явуулаад нийгэмд дуу хоолойгоо хүргэж байгаа. Тэгвэл тэд тун удахгүй 05-р сарын 03-нд залуу сэтгүүлч, нийтлэлчдийн хороог байгуулах гэнэ. Энэхүү хороо нь залуу сэтгүүлч, нийтлэлчдийг мэргэжлийнх нь хувьд хөгжүүлэх боломжийг олгох, тэднийг хооронд нь танилцуулах, найз нөхдийн хүрээг тэлэх, нийгмийн идэвхтэй байхад төрөл бүрийн аялал зугаалга, залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжид татан оролцуулах зэрэг олон ач холбогдолтой гэдгийг онцолж байгаа юм. Энэхүү хороонд орох сонирхолтой залуу сэтгүүлчид, нийтлэлчид та бүхнийг 99714149, 89006688 дугаарын утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авч, гишүүнээр элсэх боломжтой юм байна.